ХААИС-ийн оюутнууд Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-02-16 20:12:07

“Японы эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Norio Amimiya, гүйцэтгэх захирал Emi Ozaki, бусад төлөөлөгчийн хамт ХААИС-д зочилж оюутнуудыг Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.   

Япон улсад оюутнуудыг Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагааны гэрээнд ХААИС-ийн ректор Б.Баасансүх, “Японы эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Norio Amimiya, Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монгол Улсын их сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, АШУҮИС-ийн профессор Б.Амарсайхан, тус хөтөлбөрийн ХААИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, МЭС-ийн профессор А.Гомбожав нар гарын үсэг зурлаа.

Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн япон хэлний сургалтад МЭС, МААБС-иас 45 оюутан хамрагдаж долоон сарын хугацаатай суралцаад төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 30 оюутан ирэх хичээлийн жилд Япон улсад 10 сарын хугацаатай дадлагажина. Монголд суралцах хугацаандаа япон хэлнээс гадна японы эелдэг боловсрон ёс зүй, бизнесийн ёс горим, ажил мэргэжлийн боловсрол олгох сургалтад хамрагдах юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид оюутнуудын япон хэлний сургалтад хамрагдах, японд дадлагажих бүхий л асуудлыг хариуцан ажиллана гэлээ. Мөн гэрээний дагуу ХААИС-д япон хэлний кабинет нээж, япон хэлний хичээлийг сургалтын төлөвлөгөөнд оруулж ажиллахыг Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал Г.Энхбаяр, хөтөлбөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гомбожав нарт хариуцууллаа.

Тус уулзалтын үеэр ХААИС-ийн ректор Б.Баасансүх хамтын ажиллагааны гэрээг улам өргөжүүлж аялал жуулчлал, мэдээлэл технологийн оюутнуудыг хөтөлбөрт хамруулах, МЭС-ийн захирал Ц.Эрдэнэ-Очир, малын эмчийн ангийн оюутнуудыг адууны ферм, морин тойруулгын малын эмчийг дагалдуулбал мэргэжлийн ур чадвар эзэмшихэд илүү нэмэр болох, МЭС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Б.Отгонтөгс, оюутнуудын зуны амралтын гурван сарын хугацаанд цалинтай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжвэл олон оюутан хамрагдах боломжтой болох, мал аж ахуйн үйлдвэрлэлийн танилцах дадлагын кредит цагийг тооцсон сертификат олгох,  МААБС-ийн сургуулийн захирал Д.Гүрбазар, хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын мал аж ахуй болон хадлан бэлчээрийн дадлагын кредит цагийг тооцох эсэхийг судалж үзэх зэрэг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх олон саналыг хэлэлцлээ.