“Чебаркульская птица” ХХК таван тонн гумат калийн бордоо хандивлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-11-24 22:31:19

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/, ОХУ-ын Челябинск хотын “Чебаркульская птица” ХХК-тай хамтран ажиллахаар уулзалт зохион байгууллаа. ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Инженер, технологийн сургуулийн захирал Ж.Мөнгөн нар тус компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч Б.Батболдыг хүлээн авч уулзсан бөгөөд тэдний зүгээс хамтын ажиллагааны амжилтыг бэлгэдэж ХААИС-д таван тонн гумат калийн бордоог хандивлаж буйгаа хүлээлгэн өгч хандивынхаа дээж бүтээгдэхүүнийг ХААИС-ийн удирдлагад гардуулан өглөө.  

Хоёр тал хамтын ажиллагааны зорилгоо “Чебаркульская птица” ХХК-ийн олон чиглэлийн үйлдвэрлэл дээр хамтарсан судалгаа хийж үр дүнг Монгол Улсад нэвтрүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж тодорхойлоод ОХУ-ын Өмнөд Уралын Хөдөө аж ахуйн их сургууль, Челябинск хотын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран сургалт, судалгааны, багш болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

ХААИС-иас хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Чебаркульская птица” ХХК-ийн захирал Пырсиков Дмитрий Александровичид Хөдөө аж ахуйн их сургуулийн Хүндэт доктор цолыг олгож буйгаа уламжиллаа.