НҮБ-ын ХХААБ, ХААИС-ийн Агроэкологийн сургууль хамтран “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцооны тогтвортой хөгжилд агроэкологийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт агроэкологийн өдөрлөгийг /2023.11.24/ Хатантуул театрт зохион байгууллаа.
Агроэкологийн өдөрлөг нь “Европын холбооны санхүүжилттэй Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслөөс ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн оюутан, суралцагчдад агроэкологийн олон улсын туршлагаас суралцаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болж НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа хүрэлцэн ирж “Хүнсний тогтолцооны тогтвортой ирээдүйг бий болгох нь: Дараагийн томоохон сорилт” гол илтгэлийг танилцуулсан бол дараагийн илтгэлийг НҮБ-ын ХХААБ-ын ХАА-н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийн техникийн зөвлөх Пьер Ферранд “Агроэкологи: Яагаад? юуг? хэрхэн?” илтгэлийг цахимаар хүргэлээ.
Агроэкологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, дэд профессор Ш.Оюунтуяа “Монгол оронд агроэкологийн зарчим, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж хөгжүүлэх” төслийн хэрэгжилт, дэд профессор Х.Баярмаа “Агроэкологийн зарчмууд ба агроэкологийн хөтөлбөр хоорондын уялдаа”, Байгаль орчин, хяналт үнэлгээний IV ангийн оюутан А.Цогдэлгэр “Агроэкологийн хичээл албан ёсоор сургалтын хөтөлбөрт орсноор оюутанд өгч буй ач холбогдол” илтгэлийг танилцууллаа. Өдөрлөгийн төгсгөлд “Агроэкологи” эссэ бичлэгийн уралдааны шагналтнуудыг танилцуулж шагналыг гардууллаа.
Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт экологи, орчны доройтол, хүрсний хангамж, чанарын асуудал хурцадмал байна. Дэлхийн 5 тивийн 14 тэрбум га газар жил бүр доройтож байхад нөгөө талаас дэлхийн хүн амын өсөлт нэмэгдэж байна. Хүн ам өсөхийн хэрээр хүнсний хангамж буурна. Эдгээр шалтгаанаас экологи орчны доройтол үүсэж хүнсний хангамж, чанар буурч байгаагийн эсрэг НҮБ-аас “Агроэкологийн 10 зарчим”-ыг тунхагласан.
Зарчим 1: Олон янз байдал. Олон янз байдал нь хүнсний аюулгүй байдал, тэжээллэг чанарыг хадгалахын зэрэгцээ байгалийн нөөц баялгийг хамгаалах нэмэгдүүлэх чухал үүрэгтэй.
Зарчим 2: Хамтын хүчээр мэдлэгийг бий болгох, түгээх. Тухайн орон нутгийн бэрхшээлийг шийдвэрлэх хамгийн зөв хэрэгсэл бол хамтын оролцоогоор бий болгосон хөдөө аж ахуйн инновац юм.
Зарчим 3: Уялдаа холбоо. Хүнсний тогтолцоонуудыг оновчтой уялдуулснаар тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулж, үйлдвэрлэлийг дэмжин, экосистемийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлнэ.
Зарчим 4: Үр ашигтай байдал. Дотоод нөөц баялгаа түлхүү ашиглан үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд агро экологийн дэвшилтэт дадлууд тусална.
Зарчим 5: Дахин боловсруулалт. Дахин боловсруулалтыг нэмэндүүлснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засаг, байгаль орчны зардлыг бууруулна.
Зарчим 6: Даван туулах чадавх. Ард иргэд, нийгмийн бүлэг, экосистемийн даван туулах чадавхыг сайжруулах нь хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцооны үндэс юм.
Зарчим 7: Хүн ба нийгмийн үнэт зүйлс. Орон нутгийн иргэдийн амьжиргаа рэх тэгш байдал, нийгмийн сайн сайхан байдлыг хамгаалах, сайжруулах нь хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцооны гол зорилго мөн
Зарчим 8: Соёл, хүнсний өв уламжлал. Агроэкологи нь эрүүл уламжлалт соёлын хэм хэмжээнд нийцсэн, олон нэр төрлийн хүнсний хэрэглээг хэмжих замаар хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийг байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулж, экосистемийн тогтвортой байдлыг хадгална.
Зарчим 9: Хариуцлагатай засаглал. Хүнс, хөдө аж ахуйн хариуцлагатай тогтолцоог хөгжүүлэхийн тулд бүх түвшинд (Орон нутгийн, үндэсний, дэлхийн) хариуцлагатай, үр дүнтэй засаглалын механизмыг бий болгох шаардлагатай.
Зарчим 10: Эргэлттэй, нэгдмэл эдийн засаг. Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг дахин холбодог эргэлттэй, нэгдмэл эдийн засаг нь манай гаригийн орчил дотор зохицон амьдрах дэвшилтэт шийдлүүдийг бий болгож, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн нийгмийн үндэс суурь болдог.
“Агроэкологийн 10 зарчим”-ыг дэлхий нийтээрээ хэрэгжүүлж чадвал экологи орчноо хамгаална, хүнсний хангамж чанар сайжирна, тогтвортой хөгжинө. Учир нь хүнсний бүтээгдэхүүний 98%-ийг хөрсний, үлдсэн 2%-ийг усны экосистемийн хамааралтай гарган авч байна. Ингэхээр ус-хөрс-хүнс бүгд холбоотой бөгөөд хамгаалж, нөхөн сэргээж, сайжруулж, зүй зохистой ашиглах чиглэлийн тэргүүлэх судалгаа, үзэл баримтлал танилцуулагдсанаараа оюутнуудад чухал ач холбогдолтой болов.
Оюутнууд “Агроэкологийн 10 зарчим”-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад манлайлж ажиллах мэргэжилтнүүд болж зарчмыг хэрэгжүүлэх, экологи орчноо сайжруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах улмаар олон улсын төвшинд ажиллах боломжийг нээж өгч болох юм.