"Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд" эрдэм шинжилгээний IX бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-05 17:08:55

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран “Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний IX бага хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгууллаа.

ХААИС нь үндэсний хэмжээний тэргүүлэх судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгийн залуу багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, чанаржуулах, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд залуу судлаачдын бүтээлийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор 2014 оноос эхлэн ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газар, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран тус хурлыг зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ удаагийн хуралд ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор Л.Баяртулга, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, ШУ-ын доктор, дэд профессор М.Бямбасүрэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Мягмарсүрэн болон сургууль, харьяа хүрээлэнгийн судлаач, багш нар оролцлоо. Шүүгчээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельмент судлалын лабораторийн эрхлэгч, доктор С.Гантуяа, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багшдэд профессор Г.Ганзориг, Инженер, технологийн сургуулийн багш, дэд профессор С.Лхагвасүрэн, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Найдандорж, Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор М.Оргилболд, хурлын модератороор Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш М.Мөнгөнзул нар ажиллав.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хэлсэн үгэндээ, “Англи хэлээр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний бага хуралд оролцох нь залуу багш, судлаачдад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, үнэ цэнтэй боломжийг олгодог. Тиймээс энэхүү хурлыг санаачлан уламжлал болгон зохион байгуулж буй нь ХААИС-ийн залуу багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад мэргэжлийнхээ хувьд өсөн дэвшихийн зэрэгцээ англи хэлээр судалгаа бичих, илтгэх чадвараа сайжруулж, олон улсын түвшинд өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм” гэлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа хүрээлэн, салбар сургуулийн долоон судлаач илтгэлээ хэлэлцүүлснээс Мал эмнэлгийн хүрээлэнгийн Laboratory of Food safety and hygiene-ийн судлаач, доктор Г.Уудамсайхны Development of efficient subunit vaccine candidate against bovine adenovirus type 3 илтгэл тэргүүн байранд, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Laboratory of Infectious Diseases and Immunology-ийн судлаач, M.Sc Б.Намуундарийн The immunoglobulin treatment for the Haemorrhagic Septicaemia илтгэл дэд байранд тус тус шалгарлаа.

Бага хуралд оролцсон нийт залуу судлаачдадаа амжилт ерөөж, эрдэм, судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.