Япон улсын Обихирогийн их сургуулийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн сургуулийн профессор Нобору Инүоэ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААИС-д зочилж, ректор, профессор Б.Баасансүхтэй уулзлаа. Уулзалтад Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, профессор Б.Баттөр нар оролцлоо.
Энэ үеэр харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Профессор Нобору Инүоэ ХААИС-д дахин зочилж байгаадаа талархаад цаашид хамтарсан шинэ төсөл эхлүүлэх хүсэлтээ уламжлав.
ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх хэлсэн үгэндээ, урт удаан хугацаанд үр дүнтэй, найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэнд талархаад цаашдын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хоёр их сургууль 1997 оноос эхлэн идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд манай сургуулийн 10 гаруй мэргэжилтэн, багш нар тус сургуульд эрдмийн зэрэг хамгаалж, мөн урт, богино хугацааны сургалтад багш, судлаачид амжилттай хамрагдан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн их сургуулийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран Монголд хамгийн анхны SATREPS-ийн төслийг 2014 оноос JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн билээ. "Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах нь" сэдэвт энэхүү төслийг JICA болон Японы Эрүүл мэндийн шинжлэх ухааныг дэмжих сан хамтран 5 жилийн хугацаанд 4,8 сая орчим ам. доллараар санхүүжүүлсэн юм.
Төсөл хэрэгжих хугацаанд Монгол талын хоёр залуу судлаач Япон улсад докторын зэрэг хамгаалж, хоёр судлаач Монголдоо магистрын зэрэг хамгаалан, нийт давхардсан тоогоор 50 гаруй удаа Монгол залуу судлаачид Японы их сургуулиудад лабораторийн нарийн арга зүй эзэмшиж , орон нутгийн эмч нарт зургаан удаа сургалт семинар зохион байгуулжээ.
Мөн төслийн судалгааны үр дүнгээр нийт 82 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээс 30 гаруй нь олон улсын импакт фактортой сэтгүүлд нийтлэгдэж олны хүртээл болсон байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны орчин, технологийн хүчин чадал нэмэгдэж Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лабораторид нийт 20 гаруй өндөр бүтээмжит шинэ багаж тоног төхөөрөмжийг суурилуулжээ.