ХААИС-ийн бакалаврын оюутны 2024 оны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах нэгдсэн хурал дөрөвдүгээр сарын 05-ны өдөр боллоо.
Хурлыг нээж Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогоо хэлэхдээ, оюутан ахуйдаа судалгааны ажил хийснээр олон давуу талыг олж авдаг. Судалгаа арга зүй боловсруулах, ашиглах, судалгааны ажил хийгээд гарсан үр дүнг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх оюун дүгнэлт гаргах, эмхэтгэн дүгнэх маш том ахиц дэвшил олж авдаг нь өөрийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа маш том хөрөнгө оруулалт юм гэдгийг тэмдэглэн хэлэв.
Бүрэлдэхүүний сургууль тус бүрийн илтгэлийн уралдаанаас шалгарсан илтгэлүүд нэгдсэн хуралд хэлэлцэгдсэн бөгөөд ХААИС-ийн бакалаврын эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд өрсөлдөхөөр 12 илтгэл хэлэлцэгдэж, 7 ханын илтгэл тавигдсан.
Эдгээрээс тэргүүн байрт Инженер технологийн сургуулийн оюутан Ц.Банзрагч, Г.Ганзориг, Ү.Халиун нарын “Газрын робот төхөөрөмж зохион бүтээн туршсан дүн” бүтээл шалгарч өргөмжлөл, 1 000 000 төгрөг, дэд байрт Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Л.Шинэцэцэгийн “Bacillus amyloliquefaciens MON-50 өсгөврийг ф-150 ферментёрт, арвайн соёолжийн суслотой орчинд ургуулсан дүн” бүтээл шалгарч өргөмжлөл, 800 000 төгрөг, гутгаар байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутан А.Хүслэнбаярын “Ажлын байран дахь стресст нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа (Говь ХХК-ийн жишээн дээр)”, Мал эмнэлгийн сургуулийн оюутан Г.Янжинлхамын “Маханд сульфаниламидын бүлгийн эмийн үлдэгдлийг шинжлэх аргыг баталгаажуулах, зарим дээжийн шинжилгээний дүнгээс” бүтээлүүд шалгарч тус бүр өргөмжлөл, 500 000 төгрөгөөр, ханын илтгэлийн нэгдүгээр байрт Инженер технологийн сургуулийн оюутан Б.Арслан, Б.Пүрэвжамц, Д.Ганхөлөг нарын “Дагтаршсан цас бутлах төхөөрөмж” шалгарч өргөмжлөл 300 000 төгрөгөөр шагнууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг илтгэлийн энэ удаагийн шалгаруулалтыг “Шанддов ХХК” ивээн тэтгэж тус компанийн захирал Л.Пүрвээ, ХААИС-тай олон талаар хамтарч ажиллах тухайлбал, төгсөгчдөд ажлын санал тавих, багш судлаачидтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
“Шанддов ХХК” газар тариалан, мал аж ахуй, тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд цаашдаа эх орны хөрсөнд ургасан бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн экспортод гаргах, ажилтнуудаараа дамжуулан монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.