Профессор Антонин Гучера-д ХААИС-ийн Хүндэт профессор цол гардууллаа

Нийтлэгч : О.ОТГОНДЭЛГЭР
Огноо: 2024-04-12 21:52:28

Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-ын Прага хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн Бизнес, эдийн засгийн факультетийн шинжлэх ухааны хорооны гишүүн, профессор Антонин Гучера болон тус улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид ХААИС-д зочилж сургуулийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзав.  

Профессор Антонин Гучера ХААИС-ийн багш, оюутнуудад “Европын холбооны хөдөө аж ахуйн нэгдсэн бодлогын хүрээнд Чехийн хөдөө аж ахуйн байр суурь” лекц уншиж тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Профессор Антонин Гучера ОХУ, Польш зэрэг оронд зочин профессор, эрдэмтэн судлаачаар ажиллаж, хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан эрдэмтэн юм.  

Монгол Улсын ХААИС нь БНЧУ-ын Прага хотын ХААИС-тай Ирасмус төслийн хүрээнд ахисан төвшний оюутнуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлснээр хамтын ажиллагааны эхлэл тавигдаж Чехийн ХААИС-тай мөн Ирасмус төслийн хүрээнд багш нарыг чадахжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байжээ. Эдгээр хамтын ажиллагааны дүнд профессор Антонин Гучера ХААИС-д 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн компьютерийн лабораторийг шинэчлэн байгуулж өгсөн бөгөөд ХААИС-ийн сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархан ХААИС-ийн Хүндэт профессор цолыг гардууллаа.  

ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх профессор Антонин Гучера-д цол гардуулахдаа, Хүндэт профессор Антонин Гучера, хоёр сургуулийн хамтын ажиллагааны гүүр болж манай орны хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулахад улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.  

Монгол Улсын ХААИС-ийн зүгээс багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт судалгааны орчныг сайжруулах, олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналаа хэлж түүний байгуулж өгсөн лабораторийг орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх чиглэлээр ашиглаж монгол улсад хэрэгтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэх болно гэлээ.