Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : О.ОТГОНДЭЛГЭР
Огноо: 2024-04-16 14:46:42

Монгол Улын Гаалийн ерөнхий газар, ХААИС-тай хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулав. Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан болон бусад албан хаагчид ХААИС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал, ХААИС-ийн Ректор Б.Баасансүх нар хамтран ажиллах талаар санал солилцон, Төрийн байгууллагуудын хүний нөөцийг хангах асуудал хурцаар тавигдаж буй энэ үед ХААИС-тай  боловсон хүчин бэлтгэхээс гадна ажилтнуудыг сургах, чадавхжуулах, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллах шаардлага байгааг дурдлаа.

 ХААИС-ийн Малын их эмч, Хүнсний чанар, аюулгүй байдал, Ургамлын хорио цээрийн хяналт, үнэлгээ зэрэг мэргэжлийн төгсөгчид хил, гаалийн байгууллагад ажиллаж байна.

Уулзалтын үеэр Хорио цээрийн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох нар Гаалийн ерөнхий газар, ХААИС-ийн хамтран ажиллах чиглэлийг танилцуулав.

МУЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хамгийн эхний сэргэлт бол боомтын сэргэлт гэж үзэж улсын төсвийн хөрөнгөөр гаалийн шинэчлэл хийгдэж байна. Тухайлбал, Гаалийн төв лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглон, Олон улсын байгууллагаар итгэмжлүүлж, орон нутгийн хилийн боомтуудад салбар 5 лаборатори байгуулахаар ажиллаж байна. ХААИС-ийн оюутнууд дээр дурдсан лабораториуд болон орон нутгаас элсэн суралцагчид тухайн орон нутгийн гаалийн байгууллагад дадлагажих, цаашид  мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байна.

Санамж бичгийн хүрээнд Гаалийн байгууллагын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, ажлын байранд нь давтан сургах, дадлагажуулах, хамтарсан судалгааны ажил хийх, онол практикийн болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, багш, оюутнуудыг гаалийн лабораторид дадлагажуулах, хамтарч лабораторийн шинжилгээний аргуудыг боловсруулах, мэдээлэл солилцох, сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг хил, гаалийн  боомтуудад түшиглэн хийх, тодорхой шаардлага хангасан төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг ажлуудыг тусган хамтран ажиллахаар болов.