Мал эмнэлгийн хүрээлэн “Био-аюулгүйн III зэрэглэлийн лаборатори” нээлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-06 16:25:28

Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг (AMED), Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын санхүүжилтээр Япон Улсын Хоккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсын хүрээлэн, Сүрьеэ судлалын хүрээлэн, Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Мал эмнэлгийн хүрээлэнд хэрэгжүүлж буй “Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл (САТРЕПС)-ийн хүрээнд байгуулагдсан “Био-аюулгүйн III зэрэглэлийн лаборатори”-ийн нээлтийн ёслол 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Мал эмнэлгийн хүрээлэнд боллоо. 

Нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү, нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, САТРЕПС төслийн захирал Д.Баярболд, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг болон САТРЕПС төслийн удирдагч, Хоккайдогийн их сургуулийн профессор Такаши Кимура, Хоккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсын хүрээлэнгийн профессор Ясухико Сузуки болон холбогдох байгууллага, газруудын дарга, мэргэжилтнүүд уригдан оролцлоо.

 


БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нээлтэд хэлсэн үгэндээ, Энэ төсөл нь хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр  

  1. Малаас хүнд халдварладаг гоц халдварт өвчний бактеритай ажиллах, үүсгэгчийн молекул, генетикийн нарийвчилсан судалгааг хийж орчин үеийн оношлуур, вакцины технологи бололвсруулах судалгааны боломжууд нээгдлээ.
  2. Хүн болон мал эмнэлгийн салбарын 20 орчим судлаачийг Япон улсад богино хугацааны сургалтад хамруулж, боловсон хүчнийг бэхжүүлсэнээр салбарын хүний нөөцийг хөгжүүллээ.  
  3. Оношлогооны дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, үйл ажиллагааг жигдрүүлж, нутагшуулж байна.
  4. Хоёр улсын судлаач, мэргэжилтнүүд зооноз өвчний хамтарсан судалгаа гүйцэтгэх, салбар дундын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцах, мэдлэг инновац дамжуулах боломж бий болсон.

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү:

    - Төсөл 2020 оны 4 дүгээр сараас сүрьеэ, ям өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог бүрдүүлэх, өвчний оношлуур бүтээх, тархалтын бодит байдлыг тодорхойлох, сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой хэрэгжиж сүүлийн жилдээ орж байна. Оношлуурыг японы тал хариуцан хийж, халдварт өвчин судлалын тархвар судлалын судалгаа, шинжилгээ, оношлогоо зэрэг шат дараалсан ажлыг ХӨСҮТ болон МЭХ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Лаборатори байгуулагдсанаар судлаачид өвчин үүсгэгч нян бактериас сэргийлэх боломжтой болж төслийн үйл ажиллагаа улам эрчимтэй өрнөж Нэг эрүүл мэнд үзэл санааны үндэс суурь тавигдана гэж найдаж байна.

ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи:

     - Монголд сүрьеэ, ям өвчнөөс гадна бруццелёз, боом зэрэг малын гоц халдварт өвчин элбэг байдаг ч УМЭАЦТЛ-д л судлах боломжтой байсан бол өнөөдөр МЭХ-д эдгээр аюултай нян бактерийг турших боломжтой боллоо. Ингэснээр Монгол Улс олон улсын стандартын шаардлага хангасан судалгаа, шинжилгээнийи лабораторитой, стандартын дагуу судалгаа, хяналт хийх чадвартай гэдгээ олон улсад харуулахад дэмжлэг болно.

 


Монгол Улсад хоёр дахь, Мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт анх удаа “Био-аюулгүйн III зэрэглэлийн лаборатори” байгуулагдсанаар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшин шинэ шатанд гарлаа. Био-аюулгүйн III зэрэглэлийн лабораторид гоц халдварт өвчин, зооноз өвчний үүсгэгч, онц аюултай бичил биетнийг илрүүлэх, ялган дүйх, баталгаажуулах, нарийвчлан судлах, улмаар өвчнийг оношлох оношлуур, сэргийлэх вакцины технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судалгаа, шинжилгээний ажил хийгдэх бодит боломж бүрдэж, салбарын судлаачид, шинжээчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах био-аюулгүйн баталгаат байдал бүрэн хангагдаж байна.