Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Дамдинсүрэн агсан, ХААИС-ийн хүндэт профессор Д.Ганболд нарын “Хурга, ишигний цус төлжүүлэх, дархлааны тогтолцооны эсийг микоплазм эмгэгшүүлэх үзэгдэл” нэртэй мал эмнэлэг, биологийн шинжлэх ухааны нээлтийн 30 жилийн ойд зориулсан “Эмгэг судлалын ололт, амжилт” эрдэм шинжилгээний бага хурлыг Хүндэт профессор Д.Ганболдын гэр бүл, шавь нар, МЭХ-ийн Эмгэг судлалын лабораторийн хамт олон хамтран зохион байгууллаа.
Доктор (ScD), профессор Ч.Дамдинсүрэн, Д.Ганболд нарын шинжлэх ухааны нээлт нь “Хурга ишигний цус төлжүүлэх, дархлааны тогтолцооны эсийг микоплазм эмгэгшүүлж, элэг, дэлүү, сэрээ булчирхай, тунгалагийн зангилааны эсийг хордуулж, дархлааны дутагдал үүсгэн, биеийн эсэргүүцэл буурч, дээрх эрхтний үйл ажиллагааг бие махбод зохицуулах, гэмтсэн эсээ сэргээх, эмгэгээс ангижруулах, хор саармагжуулах чадваргүй болгодог үзэгдлийг анх удаа туршлагаар тогтоож баталсанд оршино.
Хүндэт профессор Д.Ганболд нь судалгаа шинжилгээний үр дүнгээс патент оновчтой санал 8, “Мал эмнэлгийн эмгэг судлалын өнгөт атлас” 3 удаа, “Малын боом өвчин”, “Малын халдварт өвчний эмгэг анатомийн оношилгоо” зэрэг номоос гадна эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийт 80 гаруйг нийтлүүлсэн юм.
Д.Ганболд нь эмгэг судлалын чиглэлээр зөвхөн Мал эмнэлгийн төдийгүй Монгол улсын Анагаах ухаан, биологи, биотехнологийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулан олон арван шавийнхаа судалгаа шинжилгээний ажлын туршилт судалгаа бүрийг эд, эсийн түвшинд баталгаажуулан зохих дүгнэлтийг гарган өгч ажилладаг ахмад эрдэмтэн юм.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Хүндэт профессор Д.Ганболд, түүний гэр бүлд Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Монос эм судлалын хүрээлэн зэрэг байгууллага болон академич, профессор, ахмад эрдэмтэд, үе үеийн судлаачид хүндэтгэл үзүүллээ.