“Шинжлэх ухаан, технологи инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян-2024” Булган аймагт үргэлжилж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-07 18:37:28

“Шинжлэх ухаан, технологи инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх ээлжит аян анхдагчдын өлгий нутаг Булган аймагт үргэлжилж байна.

Аяны хүрээнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харьяаллын хүрээлэнгүүд шинжлэх ухаанд суурилсан инновацын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 80 гаруй бүтээгдэхүүний үзэсгэлэнг аймгийн Цогт хунтайжийн төв талбайд дэлгэн үзүүллээ.

Энэхүү аян нь орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, сургалт, үзэсгэлэн, худалдаатай хослон хоёр өдөр үргэлжлэв.

Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацын төслийн үр дүнд гарсан биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологийг танилцууллаа.

Үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн бүтээгдэхүүнээс худалдан авсан  үйлчлүүлэгчдээс азтанууд тодруулан хаалтын үйл ажиллагааны үеэр эрдэмтэн, судлаачдын гарын бэлгээр урамшуулсан байна.