“Хөдөө аж ахуйн инновац технологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-10 11:37:11

Монгол улсын ХААИС, ОХУ-ын Тувагийн үндэсний их сургууль, БНХАУ, ӨМӨЗО-ны ХААИС хамтран, жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Хөдөө аж ахуйн инновац технологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын Кызыл хотод амжилттай зохион байгууллаа.

Тус хурал нь гурван улсын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, шинэ санааг олон нийтэд түгээх, харилцан туршлага судлах, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Тус хуралд 150 орчим хүн оролцож, мал аж ахуй, бугын аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдал, газар тариалан, жимс, ургамлын аж ахуйн чиглэлээр нийт 38 илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд оролцогчид МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд хамтарсан судалгаа хийх, багш, оюутан солилцох, оюутан дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.