ХААИС-ийн Инженер, технологийн сургууль “Бид ирээдүйн инженер” үзэсгэлэн зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-13 18:04:03

ХААИС-ийн Инженер, технологийн сургууль “Би ирээдүйн инженер” үзэсгэлэнг оюутнуудынхаа дунд зохион байгууллаа.

Энэ жил буюу 2024 оны хичээлийн жилд Инженер, технологийн сургуулийг төгсөж буй 150 гаруй оюутны дипломын ажлын судалгаагаар хийсэн мөн тооны бүтээл, бүтээгдэхүүн, төсөл танилцуулагдлаа.

Үзэсгэлэнд тавигдсан оюутнуудын дипломын ажил буюу бүтээлтэй ажил олгогч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж танилцаад хайж явсан боловсон хүчнээ олж авч ажлын санал тавьдгаараа онцлог, давуу талтай гэж хэлж болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон үзэсгэлэнд 2023 онд 150 гаруй оюутан оролцож 200 гаруй ажлын байрны санал ирж байсан гэдгээс энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдол, үр дүнг тодорхойлж болно.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалт 2022 оны байдлаар 17.8 сая тонн байна гэдэг баримт нь Цахилгааны инженер мэргэжлээр төгсөгч Ч.Бүүвэйбаатарын “Бага оврын атомын цахилгаан станцын төсөл” ямар хэрэгтэйг илэрхийлнэ.

Цахилгааны инженер мэргэжлээр төгсөгч Д.Энхмаа “Дулаан насосоор ХААИС-ийн төв байрын хэрэгцээний халуун усыг хангах төсөл”-өөр ХААИС-ийн төв байрны үйлчлүүлэгчдийн ашигладаг цахилгаан халаагуураар 600 л усыг халаахад зүүн жигүүрт 42 кВт/ц, баруун жигүүрт  28 кВт/ц зарцуулж байгааг дулааны насосын системээр шийдвэл цахилгаан эрчим хүч зарцуулалт 2 дахин буурна гэсэн тооцоог гаргаж төслөө хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

“Хүнсний ногооны талбайн хог ургамалтай нарийвчлалтай тэмцэх газрын агроробот платформ” төслийн хүрээнд хог ургамлыг механикаар устгах ухаалаг роботыг зохион бүтээсэн нь эхний ээлжинд хог ургамлыг таньж устгах бол цаашид хөгжүүлж химийн бодисыг ялгавартайгаар цацах судалгааг хийж эхэлжээ.

Өрхийн тариалангийн механикжуулалтын төвшинг нэмэгдүүлэх бага оврын тоног төхөөрөмжийг инновац шингээсэн бүтээгдэхүүн болгож улам боловсронгуй болгоосон байна эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхэд импортын ижил төрлийн тоног төхөөрөмжөөс 2-4 дахин хямд үнэтэй байна.

Мөн шувуу үргээх төхөөрөмж нь лазерын гэрлээр шувууг үргээх бөгөөд жимсний талбайн шувуунаас хамгаалах хамгийн оновчтой арга болохыг туршсан байна. Талбай хамгаалах торон хашааны урлон төмрийг татах трактор, шонг суулгах төхөөрөмж зэрэг малчид, тариаланчдын ажлыг хөнгөвчилсөн, гар ажиллагааг халж ухаалаг технологид суурилсан бүтээлүүд түлхүү танилцуулагдаж байсан нь ажил олгогчид болон бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаж байв.