М.Оюун: Хос хөтөлбөрөөр суралцах нь олон давуу талтай

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-02-28 12:02:52

Хос хөтөлбөрийн төгсөгч М.Оюун:

ХОС ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ

Монгол Улсын ХААИС болон Эрхүүгийн ХААИС-ийн хамтран хэрэгжүүлдэг хос хөтөлбөрөөр амжилттай суралцаж төгссөн М.Оюун тус хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

 

- Хос хөтөлбөрөөр суралцахын давуу тал юу байсан бэ?

- Өөр орны соёлтой танилцаж, шинэ орчинд суралцсанаар олон давуу тал гарч ирсэн.  Мөн гадаадад суралцсанаар илүү бие дааж, төлөвшсөн. Олон орны өөр өөр соёлтой хүмүүстэй хамт суралцсанаар хүмүүстэй харилцах чадвар, өөрийгөө нээн ойлгуулах чадвар сайжирсан.

- Аль улсын сургуульд ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ?

- Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуульд (Иркутский Государственный Аграрный Университет) Ландшафт Архитектор мэргэжлээр суралцаж төгссөн.

- Төгсөөд мэргэжлээрээ ажилд орж чадсан уу?

- “Орчлон констракшн”-д Архитектор мэргэжлээрээ ажиллаж байна.

- Тус сургуульд суралцаж төгссөнөөрөө ямар боломжийг олж харсан бэ?

- Хэлний түвшин сайжирч, мэргэжлээрээ онолын болон практик мэдлэгийг сайн эзэмшсэн. Монголдоо ирээд ажилд ороход ч нэр хүндтэй бөгөөд энэ нь давуу тал болсон.

- Сургууль болон тус орны соёлоос юуг нь сургуульдаа болон эх орондоо нэвтрүүлмээр, нутагшуулмаар санагдсан бэ?

- Мэргэжлийн чиглэлээр Монголдоо нутагшуулмаар зүйл маш их байсны нэг нь Сибирийн хүйтэнд тэсвэртэй олон төрөл зүйлийн модлог ургамлыг нутагшуулах болон практикт тулгуурласан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлмээр санагдсан. Ингэснээр оюутнууд ажлын байранд гарахад илүү хийж бүтээх чадвартай, эзэмшиж буй мэргэжилдээ дасан зохицох давуу талтай гэж үзсэн.

- Хос хөтөлбөрийг цаашид хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож байна вэ?

- Шинээр элсэгчдэд очих гэж буй сургуулийн мэдээллийг үнэн зөв (Сургуулийн орчин, төлбөр гэх мэт) сүүлийн үеийн бодит байдалтай нь танилцуулж сурталчлах хэрэгтэй санагдсан. Мөн Монгол дахь хэлний бэлтгэлийн чанарыг сайжруулах хэрэгтэй.

- Суралцах хугацаанд бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

- Хэлний мэдлэг муу байснаас эхний хэдэн сардаа хичээлээ ойлгохгүй үүнээс болоод шантрах үе цөөнгүй гарч байсан. Тиймээс гадаадад суралцах гэж байгаа бол хэлээ сайн сурах хэрэгтэй.

 

Гадаад харилцаа, түншлэлийн алба