Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн шинэ байрны нээлт-нээлттэй хаалганы өдрийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны билэгт сайн өдөр зохион байгуулж урьсан, уригдсан бүгд түүүхэн үйл явдлын гэрч боллоо.
Шинэхэн байрны нээлтийн үйл ажиллагаа-нээлттэй хаалганы өдөрт их сургууль болон УХЭШХ-тэй олон жилийн хамтын ажиллагаатай Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Хүнсний хувьсгал хөдөлгөөн, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн,Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухаан академи, Шинжлэх ухаан академийн харьяа хүрээлэн, төвүүд, Мамбадацан хийд, Копиа-Монгол төв, Монгол Улсын Боловсролын их сургуулийн удирдлагууд хүндэт зочноор уригдан ирж баяр хүргэлээ.
УХЭШХ өнгөрсөн хугацаанд МУ-ын ЗГ-ын тэргүүлэх чиглэл-Цөм технологийн төсөл 1, Гадаадтай хамтарсан төсөл 11, ШУТ-ийн төсөл 14, Онолын суурь судалгааны төсөл 8, Инновац, технологи зүгшрүүлэлтийн төсөл 5, Судлаачийн грант, тэтгэлэгт 5 төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнд Ургамал хамгаалах бэлдмэл, ургац хамгаалах технологийн чиглэлээр оюуны өмчийн патент 51, ашигтай загвар 39, зохиогчийн эрх 6, стандарт 43, технологи 69, заавар, зөвлөмж 400 гаруй, шинжлэх ухааны докторын бүтээл 4, боловсролын докторын нэгэн сэдэвт бүтээл 46, эрдэм шинжилгээний өгүүлэл 1000 гаруйг олны хүртээл болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. УХЭШХ-ээс ОХУ-ын ШУА-ийн гишүүн 1, МУ-ын ХААШУА-ийн гишүүн 4, шинжлэх ухааны доктор 4, доктор PhD 46 төрөн гарсан билээ.
Монгол улсын Засгийн газрын 299 тоот тогтоолоор 45 орон тоог 80 болгон батлуулсанаар хүний нөөц, боловсон хүчний хувьд улам чадавхжин бэхэжсэн бөгөөд одоогоор есөнлабораторид ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтны 40 хувь нь эрдмийн зэрэг цолтой ажээ.
БШУЯ, ШУА-ийн санаачилсан “Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхимын барилга” баригдах явцад буюу 2021 оны 08 дугаар сарын 20-нд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр тус хүрээлэнд шилжүүлэн “Нийслэл өргөө“ ХХК барилга угсралтыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү УХЭШХ 1985 онд байгуулагдсанаас хойших түүхэндээ анх өөрийн гэсэн, судалгааны зориулалттай, 4 давхар, 3232 м2 талбайтай байртай болж лабораторийн зориулалтаар 650 м2, албан өрөөний зориулалтаар 1250 м2, бивар болон хөргүүрийн өрөөгөөр 86 м2, авто машины грашаар 458 м2, спорт заалаар 432 м2-ыг ашиглахаар тоног төхөөрөмжөө байршуулан тохижсон байв.
УХЭШХ судалгааны зориулалтын байртай болж эрдэмтэн судлаачдын ажиллах нөхцөл сайжирч байгаа нь судалгаа шинжилгээний ажилд бодит дэмжлэг болж шинжлэх ухаан, цаашлаад улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна.