ХААИС-ийн удирдлагууд БНСУ-ын Инженерийн их сургуулийн захирал Хуан Су Сон, Гадаад харилцаа, түншлэл албаны дарга Кан Мин Гу нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын Инженерийн их сургуулийн захирал Хуан Су Сон ХААИС-ийн ректор Б.Баасансүхтэй хамтын ажиллагааны гэрээ, ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал Ж.Мөнгөнтэй БНСУ-ын Инженерийн их сургуулийн төлөөлөгчийн газар, солонгос хэлний кабинет байгуулах гэрээг тус тус үзэглэлээ.
Хамтын ажиллагааны гэрээнд хамтарсан судалгаа хийх, 2+2 хөтөлбөрөөр ухаалаг технологийн инженер, механик инженер, цахилгааны инженерийн ангийн оюутнууд БНСУ-ын Инженерийн их сургуульд суралцах, багш болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.
Энэ үеэр ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн захирлууд сургуулиа товч танилцуулж өөр өөрийн чиглэлд хамтарч ажиллах саналаа хэлсэнд БНСУ-ын Инженерийн их сургуулийн захирал Хуан Су Сон цаашид сургууль бүрийн чиглэл, онцлогт тохирсон хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай буйгаа илэрхийллээ.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны эхлэл нь 2023 онд тавигдсан бөгөөд 2+2 хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 2025 оны хавар БНСУ-ын Инженерийн их сургуульд суралцахаар солонгос хэлний болон бусад бэлтгэлээ хангаж байна.