Японы эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Norio Amemiya бусад албаны хүмүүсийн хамт ХААИС-д зочилж тус сургуулийн ректор, профессор Б.Баасансүх нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсаны дагуу ХААИС, Японы Эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэгтэй хамтран тус сургуульд “Япон хэл, соёлын төв”-ийг нээж, үйл ажиллагааг эхлүүлэв.
ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх “Япон хэл, соёлын төв”-ийг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бид нээлтээ хийн анхны алхамаа хийлээ. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтын ажиллагаанд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн бол Японы Эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Norio Amemiya “Японы хэл, соёлын төв”-ийг Монгол анхны их сургуулиудын нэг ХААИС-д байгуулж япон соёлыг азид дэлгэрүүлж байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.
“Япон хэл, соёлын төв” нь япон хэлийг соёлтой нь улс орны ёс заншилтай цогцоор нь заах учир монгол оюутнуудад хэл сурахаас гадна япон ард түмний өв уламжлал, зан заншилтай танилцах өргөн боломжийг олгож байна.
“Япон хэл соёлын төв”-д ажиллах боловсон хүчний цалин, тоног төхөөрөмжийн зардлыг Японы Эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэг, ХААИС-ийн зүгээс урсгал зардал болон оюутны сургалтын хэрэгслийн зардлыг хариуцаж байна.
ХААИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, МЭС-ийн профессор А.Гомбожав “Япон хэл соёлын төв”-ийн захирлаар ажиллах бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд олон улсын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас япон хэлний шалгалтын N4 төвшинд тэнцсэн эхний 5 оюутан ирэх 12 дугаар сард Япон улсыг зорихоор болсон байна.