ХААИС-ийн ректор Б.Баасансүх тэргүүтэй удирдлагууд Бээжингийн Жинва хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновац төвийн хэлтсийн захирал Zhao Duodong, менежер Guo Junfei болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Бээжингийн Жинва хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновац төвийг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам, Бээжин хотын Цахиурын хөндийгөөс хамтран байгуулсан бөгөөд Цахиурын хөндийн төслийн хөдөө аж ахуйн гол хөдөлгүүр юм.
Дэлхийн хөдөө аж ахуйн шинэчлэлийг эрчимжүүлэх, малчин тариачдын амьжиргааг сайжруулах зорилгоор олон улсад хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, туршлага солилцоо, хамтын ажиллагааг хэрэгжүүлж өдгөө олон оронтой стратегийн харилцаа тогтоож шинжлэх ухааны хамтын судалгаа нь олон улсад өргөн хүрээг хамарч байна.
Энэ төв нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай салбарын олон чиглэлд урт хугацаанд хамтран ажиллаж хоёр орны хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг зорьж өмнөх удаагийн уулзалтад үндэслэн энэ удаад нэн тэргүүнд хамтарч ажиллах шаардлагатай салбар, чиглэлүүдээ тодорхойлсноо танилцууллаа.
ХААИС-ийн ректор Б.Баасансүх, мал аж ахуйн чиглэлээр үхэр хонь үржүүлэх, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулга, ийлдэс судлах, үйлдвэрлэх, малын тэжээл тарих, үйлдвэрлэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, газар тариалангийн чиглэлээр ухаалаг хүлэмж, хүлэмжид нар болон салхины сэргээгдэх эрчим хүч ашиглах, хүнсний ногоо, шинэ сорт, бордоо, хөдөө аж ахуйд ухаалаг технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд үхэр, хонины махны экспортын судалгааг хийхэд хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн цахим худалдааны платформ хөгжүүлж ЭШИГ-ын Технологи дамжуулах төв бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгааг хэллээ. Мөн бүрэлдэхүүний сургуулийн захирлууд тус тусын чиглэлд хамтран ажиллах саналаа товч танилцуулав.
МААБС-ийн захирал Д.Гүрбазар: БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн судлаачидтай зохиомол хээлтүүлгийн судалгаа хийх, мал бордох, тодорхой хязгаарлагдмал хэмжээнд мах экспортлох, хонь болон үхрийн аж ахуйн загвар гаргах, ялангуяа хонины аж ахуйн үйлдвэрлэлийг төлөвлөсөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд зурагласан зураглалын дагуу хийх, мөөг, мөөгний гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мөөгний мецил үйлдвэрлэлийн технологи, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд хамтран ажиллах боломжтой.
АЭС-ийн захирал А.Буянбаатар: Өндөр хөгжилтэй орнуудаас технологи нэвтрүүүлэхэд анхаарч тухайлбал, хүнсний ногоо үр тариа, тэжээлийн ургамлын чиглэлээр ажиллаж байна. БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар ухаалаг хүлэмжийн аж ахуй байгуулан сургалт судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж байна. ХХААХҮЯ-аас хүнсний ногооны нэр төрлийг олшруулж хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг чиглэл болгосны хүрээнд хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтарч ажиллах хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах. Хүлэмжийн ногоо тарьж ургуулахаас гадна хадгалах технологи, зоорийн асуудал дутагдалтай учраас хүлэмжийг хадгалах технологитой шийдэхэд хамтарч ажиллах, уурхайн хаягдлаас гумины бордоо ялгаж авах, хэрэглэх технологийг манай судлаачид гаргасан, үүнд хамтрах саналтай байна.
ХШУС-ийн захирал И.Баярбат: Ай ти, мэдээллийн систем, аялал жуулчлал, хими технологи хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлдэг. Сургуулийн дэргэд гарааны компани байгуулах эрхзүйн орчин сайжирч байгаатай холбогдуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлд хамтран ажиллах хөрөнгө оруулалт татах сонирхол өндөр байна. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, цардуул, цардуулын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, ургамлын биологийн идэвхит бодисыг ялгах, үйлдвэрлэх, биомасс үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах, болон дундын зуучлалын үүрэг гүйцэтгэх боломжтой.
МЭС-ийн ЭНБД Н.Очирхүү: Мал аж ахуйн хүрээлэнгийн профессор, багш нартай Ховд Говь-Алтай, баян-Өлгий аймаг болон Шинжан бүс нутгийн хил дагуух аймгуудаар хил дамнан халдварладаг өвчний судалгаа хийхээр эхлүүлсэн бөгөөд үүнийг цааш үргэлжлүүлэн хээлтэй гүүний ийлдсээс даавар ялгах, вакцин үйлдвэрлэх болон салбарын бусад бүх чиглэлд хамтарч ажиллахад нээлттэй байна.
Уулзалтаар зочид, төлөөлөгчид Мал аж ахуйн технологи дамжуулах төв, Мал амьтны эмнэлэгтэй танилцаж БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Жинва хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновац төв 10 дугаар сард болох Дэлхийн хөдөө аж ахуйн форумд ХААИС-ийн ректорыг, профессор багш нарыг Жинва төвд айлчлан очиж амжилттай хэрэгжүүлж буй сүү, жимс жимсгэнэ, хүлэмжийн судалгаатай танилцахыг урьж уулзалтыг өндөрлүүллээ.