Хамтарсан мэдэгдэл

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-11-20 19:42:31

Хөдөө аж ахуйн их сургууль, Жандагсүрэн сан, Монголын менежментийн холбоо, Монголын бүтээмжийн төв зэрэг байгууллагуудаас уламжлалт Менежментийн Улсын XV дахь олимпиадыг 2024 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус олимпиадын үеэр их, дээд сургуулийн менежментийн чиглэлийн багш нарын дунд “Монголын менежментийн сургалт, эрдэм шинжилгээний өнөөгийн байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна.

 

Монгол Улс ардчилал, зах зээлийн шинэ харилцаанд шилжиж, нийгмийн тогтолцоог өөрчлөх үйл явц өрнөж эхэлснээс хойш даруй нэгэн жарны талаас илүү хувь өнгөрөв. Энэ хугацаанд  хувийн хэвшил цоо шинээр үүсэн хөгжиж, гадаад харилцаа өргөжин, хүн амын тоо, эдийн засгийн цар хүрээ, төсвийн орлого, зарлагын хэмжээ ихээхэн нэмэгдэн, шинэ нөхцөлд төрж өссөн нийгмийн бүхэл бүтэн залгамж үе бий болон төлөвшив. 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан олон намын төлөөлөл бүхий хамтарсан Засгийн газар эдийн засаг, нийгмийн  хөгжлийн 2050 урт хугацааны хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мэдээллийн технологийн хэрэглээ, хүртээмж сайжирч, үйлчилгээний хүрээнд цахим шилжилт эрчимжив.

Гэвч эрдэс баялгийн  асар их нөөцтэй, хүн ам цөөн, мал сүрэг арвинтай манай  орны жирийн ард иргэдийн амьдрал төдийлөн жигд сайжраагүй, нийгэмд баян хоосны ялгаа гүнзгийрч, эрх мэдэлтнүүд давуу байдлаа ашиглан бусдын боломжийг завших, авлигал хүнд суртал өсөж, эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэх зэрэг гажуудал дутагдал гарсаар байна. Харьцангуй ижил гарааны нөхцөлөөс зах зээлд шилжсэн бүс нутгийн орнуудаас манай улс хөгжлөөрөө зарим талаар хоцрох хандлага ажиглагдах болов. Байгаль орчны доройтол, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл зэрэг нийгэм - эдийн засгийн томоохон асуудлууд хуримтлагдаж тэдгээрийг шийдвэрлэхэд багагүй хөрөнгө мөнгө зарж байгаа ч үр дүн гарахгүй өнөөг хүрэв. Энэ бүхэнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа хэдий ч ажил хэргийг үр дүнтэй хийж гүйцэтгэх, асуудлыг шийдвэрлэх оньсон түлхүүр болсон орчин үеийн менежментийн ухааны ололт амжилт, засаглалын шилдэг арга туршлагаас суралцах, тэдгээрийг амьдрал практикт бүтээлчээр нэвтрүүлэх ажил учир дутагдалтай байгаатай юуны урьд холбоотой гэж үзэж байна.

Их, дээд сургуулиудын мэргэжлийн тэнхим, багш судлаачдын хувьд менежментийн ухааны ололт туршлагыг түгээн дэлгэрүүлэх ном сурах бичих, орчуулах, тэдгээрийг нийтийн хүртээл болгох,  уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн зохион байгуулах чиглэлд багагүй ажил хийж байна. Харамсалтай нь хөрөнгө санхүү, хүн хүчний нөөцийн хязгаарлагдмал байдал, удирдлага зохион байгуулалтын хүчин зүйлээс шалтгаалан одоогоор л үндэснийхээ өв уламжлал, соёлын онцлог, улс орны хөгжлийн өнөө ба ирээдүйн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн дорвитой эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдээгүй, энэ талаар төр засгийн болон бизнесийн байгууллагуудаас үзүүлэх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулан 2005 оноос эхлэн манай орны их, дээд сургуулийн оюутан суралцагчдын дунд уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн Менежментийн 15 дахь удаагийн олимпиадад оролцсон мэргэжлийн багш судлаачид төр засаг, бизнесийн болон сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

  1. Менежментийн мэргэжлийн багш, судлаачдын хязгаарлагдмал хүний нөөцийн илүү нэгдмэл, бүтээлч, үр дүнтэй ажиллагааг хангах зорилгоор улс орны хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлуудыг судалж боловсруулах тодорхой чиглэл, сэдвээр захиалгат болон гэрээт судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээг зохион  байгуулах асуудалд онцгой анхаарч үр дүнг бодлого боловсруулах, шинэчлэл өөрчлөлт хийх үйл явцад өргөн ашиглах.
  2. Монголчуудын түүх соёл, үндэсний онцлог, өсвөр шинэ үеийнхний хэрэгцээ, шаардлагыг тусгасан менежментийн хүсэмжит хэв маяг, бизнесийн болон төрийн албаны ёс зүйг боловсруулах асуудлаар хамтарсан иж бүрэн, суурь судалгаа хийх хөтөлбөр боловсруулан дэмжиж ажиллах.
  3. Аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн орчин, менежментийн чадамжийн асуудлаар системтэй судалгаа хийж шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дутагдал бэрхшээлийг арилгахад чиглэсэн бизнесийн удирдлагын тасралтгүй сургалт – хөгжлийн тогтолцоог бий болгож, энэ хүрээн дэх ажил хэргийн уулзалт зөвлөгөөнийг тогтмолжуулах.
  4. Менежментийн шилдэг бүтээл, судалгаа боловсруулалтын ажлын уралдааныг үе шаттай зохион байгуулж тэдгээрийг шалгаруулах, санхүүжүүлэх, урамшуулах тогтолцоог бүрдүүлж ажиллах.

Мэдэгдэлд дурдсан асуудлуудыг шийдвэрлэх, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын болон хөрөнгө санхүү, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллах аливаа байгууллага, хувь хүний санал санаачилгыг бид талархан хүлээн авах болно.

 

 

 

Монголын их дээд сургуулиудын

 менежментийн тэнхим, багш судлаачид

 

2024.11.15

Улаанбаатар хот

Харилцах утас: 95955996,

И-мэйл хаяг: info@mamo.mn.