Хөдөө аж ахуйн их сургууль Бүгд найрамдах Хятад (Тайвань) улсын Үндэсний төв сургууль (National Central University, Taiwan)-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус сургуультай ахисан түвшний сургалтад оюутан солилцох, хамтарсан судалгааны ажил хийхээр тусгагдсан юм. Тус сургуулийн Сансар судлал, зайнаас тандан судалгааны төв (CSRSR) нь 3000 км радиус дотор Зүүн Өмнөд Азийн бүс нутгуудын хамарсан улс орнуудын хэмжээнд өндөр нарийвчлал бүхий хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станцтай бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол орны зарим бүс нутгийн SPOT, Pleaidas зэрэг орон зайн өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдөл, мэдээг дээрх станцаар дамжуулан хүлээн авч сургалтын болон судалгааны журмаар ашиглахаас гадна сургалтын хөтөлбөр, семинарт хэрэглэж талаар харилцан санал солилцлоо. Ташрамд дурдахад өнгөрсөн жил ХААИС-ийн Дархан хот дахь салбар сургууль, Тайванийн Үндэсний төв сургууль (NCU)-ийн Сансар судлал, зайнаас тандан судалгааны төв (CSRSR), Монголын гео-мэдээллийн холбоо мөн хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Дархан-Уул аймгийн хэмжээнд “Хиймэл дагуулын мэдээгээр ойн менежментийн зураглалыг боловсронгуй болгох нь” сэдэвт Монгол-Тайванийн хамтарсан төслийг 2024-2026 онуудад хэрэгжүүлж байна.
Монгол-Тайванийн хамтарсан төслийн хүрээнд Тайванийн Үндэсний төв сургууль (NCU)-ийн Сансар болон зайнаас тандан судалгааны төв (CSRSR)-ийн профессор Fuan Tsai, Kuo-Hsin Tseng нар Монгол Улсад хамтарсан хээрийн судалгааны ажил гүйцэтгэхээр 2024 оны 08 дугаар сарын 18-26-ны хооронд ажиллаж байна. Энэ хугацаанд 08 дугаар сарын 19-20-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд, 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан хот дахь ХААИС-ийн салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд тус төслийн хамтрагч талууд Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын Гео-мэдээллийн Холбоо, “Ухаан” ТББ-ууд хамтран “Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээг ойн судалгаа, хяналт шинжилгээнд ашиглах боломжууд” сургалт, семинарыг зохион байгуулж байна.