“Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл-2024” сэдэвт семинар Япон улсад зохион байгуулагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-12-03 18:16:08

Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг Боловсрол шинжлэх ухааны яам 2014 оноос эхлэн хэрэгжүүлж МУИС, ШУТИС хамрагдсан билээ. Уг төсөлд Хөдөө аж ахуйн их сургууль 2023 оноос хамрагдаж судалгааны хамтарсан 6 баг Япон улсын их, дээд сургуультай судалгааны ажил хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ХААИС-иас 5 багш, судлаач иений хөнгөлөлттэй зээлээр Япон улсад 2023/2024 оноос эхлэн докторантурт суралцаж байна.

“Инженер, технологийн дээд боловсрол” (ИТДБ) төслийн хүрээнд “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” семинар 2024 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо 2 дахь удаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг семинарын зорилго нь хамтарсан судалгааг зөвхөн их сургуулиудын хооронд бус Япон-Монголын бизнесийн байгууллага, компани, хувь хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлж инновацын бүтээгдэхүүн бий болгох, оюуны өмчийг эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Семинарт Боловсролын яам, Сангийн яам, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Япон дахь төлөөлөгчийн газар, ЖАЙКА, Японы аж ахуйн нэгж, байгууллага, судалгааны хамтрагч их сургууль, “Аsia SEED” төслийн зөвлөх баг, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүрэлдэхүүн, МУИС, ШУТИС, ХААИС-ийн удирдлагууд болон хамтарсан судалгааны багийн гишүүдийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд, Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), “ИТДБ” төслийн нэгж болон МУИС, ШУТИС, ХААИС-ийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ.

Семинарт Япон, Монгол хоёр улсын судлаачид зургаан чиглэлээр 31 илтгэл хэлэлцүүлж, их сургууль, судлаач, аж ахуйн нэгжийн 30 орчим тусгай уулзалтыг зохион байгуулснаар 10 санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

ХААИС-аас ректор, профессор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, инновацын газрын Судалгаа, инновацын албаны дарга, доктор Б.Баярмаа тэргүүтэй судалгааны хамтарсан 5 багийн ахлагч, гишүүд бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр уг арга хэмжээнд оролцлоо.

ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх: “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгарч буй асуудал, бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдлийг хамтран хайх, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад өндөр ур чадвартай чадварлаг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд болон их, дээд сургуулиудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал юм. Энэхүү хамтын ажиллагааг хангах хүрээнд Монгол Улсын ХААИС болон Япон улсын Хоккайдо, Обихиро, Ямагата, Тоттори, Уцуномия, Окаяама, Токио Метрополитан, Токай их сургуулиудтай хамтарсан 6 баг судалгааны ажил гүйцэтгэж байна. Эдгээр эрдэмтэн судлаачийн бүтээл, туурвил, үйлдвэрлэл практикт амжилттай нэвтэрч, эдийн засгийн эргэлтэд орж, шинжлэх ухаанд суурилсан бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг болох юм. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаагүй, ашиглалт нь эцсийн бүтээгдэхүүн хараахан болоогүй, дэлхийд танигдаагүй бусдаас ондоошиж чадах, “Монголын” хэмээн нэрлэгдэх баялгийн болон мэдлэгийн асар их нөөц бий. Эдгээр мэдлэгийн асар их нөөцийг баялаг болон хувиргахад, Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, инженер, технологийн салбарын хөгжилд “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, Япон Улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж буй “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” семинар бодит хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэндчилгээндээ дурдлаа.

ЖАЙКА байгууллагын удирдлагууд ИТДБ төслийн Япон талын зохицуулагч Asia SEED компанийн төлөөлөл, ИТДБ төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүрэлдэхүүн болон МУИС, ШУТИС, ХААИС-ийн ректоруудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, семинарын үр дүн, ач холбогдлын талаар дүгнэсний зэрэгцээ ИТБД төслийн II шат 2028 оноос хэрэгжихээр дэмжигдвэл зохион байгуулалт болон анхаарч ажиллах гол ажлуудаар санал солилцлоо. ИТДБ төслийн II шат хэрэгжихээр дэмжигдвэл төсөлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ ХААИС-ийн удирдлага илэрхийллээ.