“Монгол орны хушин ойн өнөөгийн төлөв ба хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-07-07 17:40:09

ХААИС, Агроэкологийн сургууль, Япон улсын Ямагатагийн их сургууль, Инженер, технологийн дээд боловсрол төслийн нэгж, Ойн газар, Байгаль, орчны судалгаа шинжилгээний төв, Хушхан ХХК хамтран “Монгол орны хушин ойн өнөөгийн төлөв ба хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд зохион байгуулав.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг “Ойн нөөц баялаг ба эх дэлхийн тогтвортой байдал” уриан дор зохион байгуулсан бөгөөд хурлын гол зорилго нь Монгол орны сэрүүн бүсийн шилмүүст ойн гол төлөөлөл болох хушин ойн төлөв байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, экологи-эдийн засгийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх юм. Мөн хурлын хүрээнд:

  • Хушин ойн тархалт, нөхөн төлжилтийн өнөөгийн байдал
  • Дагадаг баялаг ашиглалт, хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл
  • Хуш мод үржүүлгийн технологи, нөхөн сэргээлтийн шинэлэг арга, ногоон инновац
  • Байгалийн хаягдалд тулгуурласан нано-био технологи ашиглан байгаль орчны бохирдлыг бууруулах боломжуудыг судлах зэрэг асуудлуудыг мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчдын дунд хэлэлцжээ.

Хурал нь Монгол орны хушин ойн өнөөгийн төлөв байдал, ойн дагалт баялаг, самрын ашиглалт, үйлдвэрлэл ба түүнийг дагалдах бүтээгдэхүүн хөгжүүлэлт, биологийн олон янз байдлын хамгаалал ба ойн нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр мэдээлэл хүргэж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

Хурлаас дараах үр дүнг хүлээж байна:

  • Монгол орны хушин ойн экологи, биологийн онцлог, тархалтын өөрчлөлт, нөхөн сэргээлт, үр үржүүлгийн дэвшилтэт технологи болон тарималжуулалтын боломжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх.
  • Хушны самрын үйлдвэрлэлээс үүсэх хаягдал түүхий эдийг (яс, хальс, боргоцой) эргүүлэн ашиглах, байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн нано-био-адсорбент материалын хөгжүүлэлт.
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөө, эрх зүйн зохицуулалтын дутагдлын талаарх бодит суурь судалгааг танилцуулж, үндэсний хэмжээний бодлого боловсруулалтад нөлөөлөхүйц санал, зөвлөмж боловсруулах.

Эрдэм шинжилгээний бага хурал нь олон улсын судлаачдын хамтарсан шинжлэх ухааны судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурийг тавьсан чухал арга хэмжээ боллоо.