“Зайнаас тандан судлал, гео-мэдээллийн хэрэглээ” хэлэлцүүлэг хамтран зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-09-09 19:36:53

Монгол, Тайванийн хамтарсан "Хиймэл дагуулын мэдээгээр ойн менежментийн зураглалыг боловсронгуй болгох нь (Дархан-Уул аймгийн жишээн дээр)” төслийн Тайвань талын удирдагч Тайванийн Үндэсний төвийн сургууль (NCU)-ийн профессор Фуан Цай тэргүүтэй төслийн баг Монгол Улсад 2025 оны 08 дугаар сарын 25-аас 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ажиллаж байна. NCU-ийн Сансар судлал, зайнаас тандан судлалын төв (CSRSR) нь тус улсын орон зайн хувьд өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээний газрын хүлээн авах станцын үүрэг гүйцэтгэдэг. Тус станц нь 3000 км радиус бүхий газар нутгийг хамарч SPOT-5, 6, 7; Formosat, Pleaides-1A/1B зэрэг хиймэл дагуулуудын Монгол орны нутаг дэвсгэрийн мэдээг хүлээн авч, байгалийн нөөц, байгаль орчны судалгааны чиглэлээр ашиглах боломжтой юм.

Хамтрагч талууд төслийн хүрээнд "Монгол-Тайванийн хамтарсан Зайнаас тандан судлал, гео-мэдээллийн хэрэглээ" хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэг нээлттэй өрнөж Тайванийн Фотограмметр, зайнаас тандан судлалын нийгэмлэг (CSRPRS)-ийн ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, нийгэмлэгийн гишүүд, Монголын Гео-мэдээллийн Холбоо (МГХ), их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцлоо. Хэлэлцүүлгийг ХААИС-ийн ректор Б.Баасансүх нээж, үргэлжлүүлэн Тайпэй хотын Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай-Ю, CSRPRS-ийн ерөнхийлөгч Фуан Цай, МГХ-ны тэргүүн Г.Өлзийсайхан нар нээлтийн үг хэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Тайванийн CSRPRS, МГХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж CSRPRS-ийн ерөнхийлөгч Фуан Цай, МГХ-ны тэргүүн Г.Өлзийсайхан нар гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээ тодорхойлов. CSRPRS болон МГХ-ны байгууллагын танилцуулгыг тус тусын төлөөлөл танилцуулсан бол илтгэгчид зайнаас тандан судлал, гео-мэдээллийг байгаль орчны менежмент болон хот төлөвлөлтийн салбарт ашиглах боломжуудыг харуулсан,

  • Гео-мэдээллийн хэрэглээ:
    • “Зайнаас тандан судлалын мэдээнд тулгуурлан ойн NPP /цэвэр бүтээмж/-ийн тооцоолол, Боломжууд vs Хязгаарлалтууд”
    • “Дархан-Уул аймгийн ойн бүрхэвчийн зураглалд спектрийн индексийг (SFI) ашиглан тогтвортой ойн менежментийг сайжруулах нь”
    • “Фото зургийг 3 хэмжээст хувиргах нь: Ухаалаг утас барилга байгууламж хамгаалахад хэрхэн туслах вэ?”
  • Зайнаас тандан судлалын хэрэглээ, кэйсүүд:
    • “Улаанбаатар хотын авто замын сүлжээг UAV технологи ашиглан зурагласан зарим үр дүнгээс”
    • “Хиймэл дагуулын SAR сенсорын цаг хугацааны мэдээ ашиглан газар, дэд бүтцийн гажилтын мониторинг хийх нь”
    • Кэйс судалгаа: Улаанбаатар хотын тоон хуулбар /Digital Twin/
    • “Сансраас өндөршилт тодорхойлох нь: ICESat-2, түүний хэрэглээ” судалгааны үр дүнгүүдийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монгол-Тайванийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, сансрын хиймэл дагуулын өгөгдлийг байгаль орчны менежментэд үр ашигтай ашиглах талаар санал бодлоо солилцов. Семинарыг МГХ-ны доктор Г.Өлзийсайхан, CSRPRS-ийн доктор Фуан Цай нар дүгнэж, төслийн үр дүн, ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.