Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол болон Хятад улсын хил дамнан тархдаг бэлчээрийн хөнөөлт шавжийн мониторинг ба тогтвортой тэмцэх аргын судалгаа” (Monitoring and sustainable control of trans-border grassland pests in China and Mongolia) төслийн хүрээнд “Бэлчээрийн хөнөөлт шавж, тэдгээртэй тэмцэх арга” сэдэвт үзүүлэх сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн профессор Д.Ундармаагаар ахлуулсан судлаачдын баг, БНХАУ-ын ХААШУ-ны Академийн Ургамал хамгааллын хүрээлэнгийн “Бэлчээрийн хөнөөлт шавжийн менежмент”-ийн секторын судлаач доктор Гуанжин Ванг, Ши Ли, Олон улсын CABI байгууллагын судлаач доктор Хонгмей Ли нар хамтран удирдан явууллаа.
Энэхүү сургалтад оролцогчид бэлчээрийн хөнөөлт шавжийг зөв таних, хөгжлийн үе шатаар нь ялгах, ямар төрлийн ургамлыг идэж хөнөөдөг, түүнтэй тэмцэх шаардлагатай эсэхийг хэрхэн тогтоох, мөн байгальд ээлтэй тэмцэх аргын талаар мэдлэг, мэдээлэл авч, туршлага хуваалцсан юм.
Архуст сумын Засаг дарга Э.Энхтөмөр “Энэхүү сургалт нь манай сумын малчид, мэргэжилтнүүд болон удирдлага бидэнд бэлчээрийн экосистем, биологийн төрөл зүйл, тэдгээрийн дундаас бэлчээрийн хөнөөлт шавжийн талаар тодорхой ойлголт, мэдлэг өгч, судалгааны ажлын үнэ цэнийг ойлгуулсан, үр өгөөжтэй, сонирхолтой ажил боллоо” хэмээн үнэлж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн сургалтын үеэр тус суманд газар тариалан эрхэлдэг компаниуд судлаачдаас зөвлөгөө авч, тариалж буй буудай, рапсын талбай дээрээ очин ажиллуулсан нь орон нутгийн хувьд өндөр ач холбогдолтой боллоо.
Сургалтад ХААИС-ийн багш, оюутнууд, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг-Ургамал хамгааллын газар, УХЭШХ-ийн мэргэжилтэн, судлаачид болон газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч “Лийдэр” ХХК-ийн удирдлага, ажилтнууд оролцож, хамтран ажилласан болно.
Энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжин ажилласан ЭЗХЯ-ны ШУТС, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар, Төв аймгийн ЗДТГ, “Лийдэр” ХХК-ийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье.
Үзүүлэх сургалт: Төв аймаг Архуст сумын бэлчээрт. 2025.09.04
Төв аймаг Архуст сумын бэлчээр: Шавж хэрхэн цуглуулах, таних аргын сургалт. 2025.09.04
Төв аймаг Архуст сумын бэлчээрт: Шавж хэрхэн цуглуулах, таних аргын сургалт. 2025.09.04
Тэмцэх арга зохион байгуулах: Ажлын уусмал, бэлдмэлийн тун хэмжээг тохируулах, цацах аргын сургалт /Үзүүлэх сургалтын үед бэлдмэл хэрэглээгүй болно/.