ХААИС Олон улсын ахмадын баяр болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
ХААИС-ийн ректор Б.Баасансүх ахмад буурлуудадаа хандан хэлсэн үгэндээ, “Эрдэм мэдлэгийн эх ундарга болсон сургуулийнхаа хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан ахмадууд та бүхэнд Олон улсын ахмадын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхний бүтээсэн оюуны их өв, туршлага, сургамжаар Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх үйл хэрэг дардан замаар урагшилж буй”-г онцлон тэмдэглэлээ.
Энэ өдөр ХААИС-ийн Ахмадын холбооны тэргүүн Ж.Чимэд сонгуульт ажлаа хүлээлгэн өгч Инженер технологийн сургуулийн багш, ахмад настан Ч.Цэсэндорж олонхын саналаар холбооны тэргүүнээр сонгогдон ажиллахаар болов.
ХААИС-ийн ахмадын баярын хүндэтгэлийн уулзалтад 150 гаруй ахмад буурлууд эрдмийн их өргөөнөө хүрэлцэн ирж хамтдаа дуу хууртай, магтаал ерөөлтэй баяраа тэмдэглэн өнгөрүүлээ.