МААБС-ийн Загас үржүүлэг, технологийн 3-р курсийн оюутан О.Чинболор:
СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ЯЛГААТАЙ Ч ДЭЛХИЙД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ЧИН ХҮСЭЛ БИДНИЙГ НЭГТГЭСЭН
Сайн байцгаана уу?
Япон улсын Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг 24 дэх удаагийн “Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин”-д чиглэсэн oюутны олон улсын чуулга уулзалтад оролцсон сэтгэгдлээ хуваалцаж буйдаа баяртай байна.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийн олон орны оюутнууд нэгдэж, өөрсдийн үзэл санаа өв соёлоо хуваалцах чухал боломжийг олгодог билээ. Чуулга уулзалт энэ удаа 2025 оны 09 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд Индонезийн Богорын их сургуульд зохион байгуулагдаж "Youth-led Innovations and Community Empowerment towards a Sustainable Future" сэдвийн дагуу 19 орны 26 илтгэгч, 14 чиглүүлэгч оюутан хамрагдаж дэлхийн нийтэд тулгараад буй сорилтод залуус хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцлээ.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Индонез улсыг зорьсон аялал маань адал явдлаар дүүрэн эхэлсэн. Тэнд чийглэг халуун уур амьсгалтай, хотжилт болон ногоон байгууламж нь үнэхээр үзэсгэлэнтэй мөн ISS team намайг халуун дулаанаар угтсан. Хэлэлцүүлгийн үеэр би шинэ мэдлэг аваад зогсохгүй, өөрийгөө илэрхийлэх, бусдын үзэл бодлыг ойлгох ур чадварт ихээхэн суралцсан билээ. Бидний соёл, зан заншил, итгэл үнэмшил ялгаатай байсан ч биднийг нэгтгэсэн зүйл бол дэлхийд эерэг өөрчлөлт авчрах чин хүсэл байсан. Оюутнууд судалгааны ажлаа үнэхээр сонирхол татахуйц хичээнгүйлэн хийсэн байлаа. Бие биедээ урам зориг хайрласан, эерэг эрч хүчээр дүүрэн, сайхан зан чанартай хүмүүс байв. Индонез улсын ард иргэд нь танхимыг дүүргэж уг хэлэлцүүлэгт оролцоо сайтай байсан нь надад улсын хөгжил гэдэг маш энгийн зүйлээс л эхэлдэг болохыг мэдрүүлсэн.
Сургуулийн кампус нь тав тухтай, салбар сургуулиудын барилга нь гоёмсог загвартай, олон лаборатори, хичээлийн өрөө, спортын талбай бүгд нэг дороо байрладаг. Мөн Богорын амьтны музей нь маш олон амьтдыг харуулсан байсан. Харин би загас үржүүлгийн лабораторитой танилцаж олон зүйлийг мэдэж авч, мэргэжилдээ илүү хайртай болсон. Олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцож Индонезийн уламжлалт “Аngklung” хөгжмийг заалгалаа. “Аngklung”-ыг бамбуугаар хийдэг, нэг хөгжим зөвхөн нэг л нот тоглож, багаараа нийлээд нэг аялгуу тоглодог нь үнэхээр сонирхолтой байв. Хаалтын арга хэмжээний үед Богорын их сургуулийн багш, оюутнуудын бүжгийн үзүүлбэрээс аз жаргал бас эрч хүчийг мэдэрч харин Токиогийн Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан Ryusei Sato-ийн дугуйн дээрх бүжгийн үзүүлбэрээс өөрийн мөрөөдөлдөө үнэнч байх утга учрыг олж харсан билээ. Батламжаа авах мөчид их сургуулиараа бахархах мэдрэмж өөрийн эрхгүй төрсөн.
Энэхүү олон улсын оюутны чуулга уулзалтад оролцсноороо мэдлэг, туршлагаас гадна өөрийгөө нээж, дэлхий ертөнцийг илүү өргөн хүрээнд харах үнэ цэнтэй боломж байлаа. Бусдаас суралцах, бусадтай хуваалцах нь биднийг нэгтгэж хөгжүүлэх үндэс юм байна. Дэлхийн залуус нэгэн зорилгын төлөө нэгдэж, хамтын хүчээр тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүлэлдээ тууштай байгааг харахад эрдэм сурах их үйлсэд минь ихээхэн урам зориг өгсөн билээ. “Жижиг зүйлээс том өөрчлөлт эхэлдэг” гэдгийг ухаарч монгол залуус бидэнд хангалттай нөөц боломж байгааг мэдэрсэн. Олон орны соёл зан заншилтай танилцаж маш олон найз нөхөдтэй болж мартахааргүй олон сайхан дурсамжийг бүтээж, монгол өв соёлоо тэдэнд таниулахдаа бидний уламжлал ямар агуу болохыг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Богорын Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнуудын туршилт судалгаагаар хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалж, байнга сайжруулж байдаг нь авууштай туршлага байв.
Сургуулийнхаа хамтын ажиллагаа, оюутан солилцоог дэмжиж ажилладаг ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар, судалгаа удирдсан багш, доктор О.Оюунтуяа, дэмжсэн гэр бүл, найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Оюутан залуус маань шинэлэг санаагаа хуваалцаж дараа жилийн хурлын шалгаруулалтад өөрийгөө сорин оролцоорой, амжилт хүсье.
Зүүн гар талаас арын эгнээний эхнийх нь МААБС-ийн Загас үржүүлэг, технологийн 3-р курсын оюутан, 24 дэх удаагийн “Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин”-д чиглэсэн оюутны олон улсын чуулга уулзалтад оролцогч О.Чинболор
Зүүн гар талаас хоёр дахь нь МААБС-ийн Загас үржүүлэг, технологийн 3-р курсын оюутан, 24 дэх удаагийн “Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин”-д чиглэсэн оюутны олон улсын чуулга уулзалтад оролцогч О.Чинболор
Зүүн гар талаас эхнийх нь МААБС-ийн Загас үржүүлэг, технологийн 3-р курсын оюутан, 24 дэх удаагийн “Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин”-д чиглэсэн оюутны олон улсын чуулга уулзалтад оролцогч О.Чинболор