БИЗНЕСИЙН МЕНЕЖЕР
“Бизнесийн менежер нь аливаа байгууллагын үйл ажиллагааг төлөвлөн, удирдан зохион байгуулж, манлайлж, хянаж, шинжилдэг төдийгүй улс орны менежментийн үйл ажиллагааг “зөв менежмент”-ээр удирдан зохион байгуулдаг манлайлагч юм.”
Байгууллагын менежмент, санхүү, маркетинг, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааг төлөвлөн, удирдан зохион байгуулж, манлайлан, хянаж, бизнесийн үйл ажиллагаанд учирч буй аcуудлыг тодорхойлон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлж, шалтгаан, үр дагавар, уялдааг холбоог тогтоож, оновчтой шийдвэр гаргах арга замыг тодорхойлон нөөцүүдийг системтэй, зөв хандлагатай, оновчтой удирдлагаар хангах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Бизнесийн төсөл боловсруулах, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэх, судалгаа хийх, төслийн хувилбаруудаас оновчтойг нь сонгох, хугацаа, зардал, гүйцэтгэлийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмших;
- Бизнесийн стратеги болон төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших;
- Бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах шинжилгээ хийх;
- Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг хийж байгууллагын санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой удирдах;
- Бизнесийн үйл ажиллагааны аливаа асуудлуудыг ойлгох, шинжилгээ хийх, байгуулагад нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг үнэн, зөв, системтэй үнэлэх;
- Байгууллагын аливаа өөрчлөлтүүдийн хоорондын шалтгаан, үр дагавар, уялдааг холбоог тогтоож, оновчтой, зөв шийдвэр гаргах арга замыг тодорхойлон байгууллага дахь нөөцүүдийг оновчтой хуваарилах;
- Үндэсний түвшний бизнесийн үйл ажиллагааг олон улсын түвшинд гаргах боломжийг тодорхойлох, жижиг, дунд бизнесийн байгууллагыг “зөв менежмент”-ээр удирдах;
- Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, ярианы болон бичгийн хэлбэрээр харилцах, багаар ажиллах, манлайлан ажиллах харилцааны стратеги, бүтцийг ойлгох;
- Бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, хариуцлага хүлээх, зөв хандлагатай байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Аливаа байгууллагад (хөдөө аж ахуйн болон бусад салбаруудад) бүх шатны удирдах албан тушаалтан, менежерүүд, гадаад, дотоодын төслийн байгууллагын удирдах албан тушаалтан, төслийн менежер, төрийн болон олон нийтийн байгууллагад менежер, судлаач, их, дээд сургууль, коллежид багш, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, төслийн менежерийн ажил эрхлэн хувиараа бизнес эрхлэгч, энтренер төдийгүй ямар ч төрлийн зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлэх, амжилттай ажиллуулах, аливаа бизнесийн үйл ажиллагааг оновчтой удирдан, зөв менежментээр ханган ажиллах бүрэн боломжтой.
Бизнесийн болон бизнесийн бус байгууллагын (хөдөө аж ахуйн болон бусад салбаруудад) бүх шатны менежер, удирдах албан тушаалтан
ü Их, дээд сургууль, коллежид багш, судлаач
ü Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, менежер
ü Хувиараа бизнес эрхлэгч, энтрепнер
ü Гадаад, дотоодын төслийн байгууллагын удирдах албан тушаалтан, төслийн менежер, бүх шатны менежер
ü Төрийн болон хувийн олон нийтийн байгууллагад менежер, судлаач
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Бизнесийн байгууллагын өрсөлдөх чадвар, хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөхийн хэрээр бизнесийн менежерүүдийн үүрэг, ач холбогдол өдрөөс өдөрт өсч байна. АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо нь ерөнхий болон үйл ажиллагааны менежерүүдийн ажил эрхлэлт ирэх 20-30 жилд тогтвортой өсөлттэй хэвээр байх болно гэж мэдэгдэж байна. Бизнесийн менежерүүдийн нэр хүнд өндөр, цалин, урамшуулал сайтай байдаг нь энэ салбарынхны хүчтэй өрсөлдөөнд “амьд үлдэх” гол чадвар нь байдаг гэж дүгнэжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“Бизнесийн менежмент” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Бизнесийн менежмент” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 127 кредит цаг судлах болно.
- Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт). Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана.
- Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай бизнес, эдийн засгийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна. Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Эдийн засгийн математик загварчлал” (сонгон хичээл), “Өртгийн удирдлага I” (сонгон хичээл) хичээлүүд багтана. Нийт 10 хичээл нь заавал судлах, 1 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 33 кредит цаг судална.
- Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 47%-ийг эзлэх бөгөөд бизнесийн үйл ажиллагааг хугацаа, зардал, гүйцэтгэлтэй холбон төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, бизнесийн бүх төрлийн нөөцийг оновчтой удирдах, хяналт тавих, бизнесийн үйл ажиллагааны асуудлуудыг ойлгох, тоон болон чанарын өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ур чадвар эзэмшүүлэх зорилготой бөгөөд оюутан нь 2 удаагийн дадлага хийнэ. Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент”, “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент II”, “Байгууллагын зан төлөв”, “Жижиг бизнесийн удирдлага”, “Төслийн менежмент”, “Бизнес төлөвлөлт”, “Хүний нөөцийн менежмент”, “Чанарын менежмент”, “Фермерийн аж ахуйн менежмент”, “Олон улсын менежмент”, “Стратегийн менежмент”, “Хөдөө аж ахуйн эдийн засаг”, “Санхүүгийн менежмент”, “Эконометрик” “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана. Харин мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Маркетингийн менежмент”, “Орчны эдийн засаг”, “Банкны менежмент”, “Статистикийн мэдээлэл боловсруулалт”, “Зардал өгөөжийн шинжилгээ”, “Эдийн засгийн статистик” багтах бөгөөд оюутан эдгээрээс 4 хичээлийг сонгон судална. Нийт 18 мэргэшүүлэх хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил (буюу 60 кредит цаг) багтана.