МАРКЕТИНГ
“Маркетингийн менежер нь хэрэглэгч, харилцагч, нийгэмд үнэ цэнийг бүтээж, хүргэгчид юм.”
“Маркетинг” мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь маркетингийн онол, арга зүйн мэдлэгийг бизнес, байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд тохируулан ашиглах ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- “Байгальд ээлтэй, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах” зорилгуудыг тэнцвэржүүлэн хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх
- Бизнес, маркетингийн орчны хувьсал, өөрчлөлтөд зохицон ажиллах, шинжлэх ухаанч мэдлэгтэй, хэлтэс, нэгж, багийнхантайгаа хамтран ажилладаг, бүтээлч хандлагатай байх
- Байгууллагын маркетинг, зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, маркетинг, бизнесийн нөхцөл байдлыг үнэлэх, маркетингийн шийдвэрийг төлөвлөх
- Брэнд бүтээх, бүтээгдэхүүн, брэндийг хөгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх
- Зах зээлийн хувь хэмжээг өсгөх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх маркетингийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх
- Цахим хуудас хөгжүүлэх, дижитал, онлайн хэрэгслүүдийг ашиглан байгууллага, брэндийг зах зээлд таниулах, хэрэглэгч, харилцагчийг татах, үнэ цэнэтэй, харилцаа тогтоох, бүтээлч стратегийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх
- Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах онол, арга зүй, практик ур чадвар эзэмших
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ\
Бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ажлын байранд ажиллахын зэрэгцээ маркетингийн судалгаа, стратеги, брэнд бүтээх, маркетингийн харилцаа, дижитал маркетингийн төрөлжсөн агентууд, гарааны бизнесийг эрхлэн хөгжүүлэх боломжтой. Ажиллах боломжтой үндсэн ажлын байр:
- Маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга, ахлах менежер
- Маркетингийн менежер
- Судалгаа хөгжлийн менежер
- Сурталчилгааны менежер
- Брэнд менежер
- Борлуулалт, ложистик хариуцсан менежер
- Хэрэглэгчийн харилцааны менежер
- Олон нийтийн харилцааны менежер
- Импорт, экспорт хариуцсан менежер
- Төр, улсын байгууллагад олон нийтийн харилцааны мэргэжилтэн, харилцагчийн зөвлөх
- Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод судлаач, маркетингийн зөвлөх, олон нийтийн харилцааны менежер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Маркетинг, бизнесийн орчны хурдацтай өөрчлөлтөнд зохицон цогц, нэгдмэл, бүтээлч хандлагаар ажиллах маркетингийн чадварлаг удирдах ажилтан, төрөлжин мэргэшсэн менежерүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өсч байна. Маркетингийн менежер болон бусад төрөлжсөн (зар сурталчилгаа зэрэг) менежерүүдийн ажлын байр нь 2026 он хүртэл хурдацтай өсөлт бүхий эрэлттэй мэргэжлүүдийн нэгэнд тооцогдсоор байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“Маркетинг” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Маркетинг” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 127 кредит цаг судлах болно.
- Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн үндсэн мэдлэг, ур чадварт хамаарах шинжлэн судлах, нэгтгэн дүгнэх, түүх, соёлоо хүндэтгэх, уламжлал, шинэчлэлийг хослуулан бизнес, маркетингийн шийдвэр гаргах, бичгийн болон харилцааны чадвараа ахиулах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт, “Маркетинг” бакалаврын сургалтын хөтөлбөр. 2017, хуудас 12-15).
Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана. - Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнес, маркетингийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, салбаруудын онцлогийг ойлгох, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.
Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Бизнесийн шинжилгээ” (сонгон хичээл), “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент” (сонгон хичээл), “Төслийн менежмент” (сонгон хичээл) хичээлүүд багтана. Нийт 10 хичээл нь заавал судлах, 1 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 33 кредит цаг судална. - Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 47%-ийг эзлэх бөгөөд маркетингийн судалгаа шинжилгээ хийх, брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, цахим болон дижитал хэрэгсэлд суурилан харилцаа тогтоох, маркетингийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хянах, хөдөө аж ахуйн салбарт маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх зорилготой.
Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “Маркетингийн менежмент”, “Маркетингийн судалгаа, шинжилгээ”, “Зах зээлийн судалгаа”, “Үйлчилгээний маркетинг”, “Маркетингийн харилцаа, идэвхжүүлэлт”, “Хэрэглэгчийн зан төлөв”, “Олон улсын маркетинг”, “ХАА-н биржийн менежмент, худалдаа”, “Хөдөө аж ахуйн маркетинг”, “Байгууллагын маркетинг”, ”Борлуулалтын удирдлага”, “Дижитал маркетинг”, “Брэндийн удирдлага”, Харилцааны маркетинг” зэрэг хичээлүүд, “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана.
Харин мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Нийгмийн маркетинг”, “Эконометрик”, “Олон улсын худалдаа”, “Аялал жуулчлалын маркетинг”, “Эдийн засгийн прогнозчлол”, “Статистик мэдээлэл боловсруулалт”, “Байгалийн нөөцийн эдийн засаг”, “Санхүүгийн менежмент” багтах бөгөөд оюутан эдгээрээс 5 хичээлийг сонгон судална. Мэргэшүүлэх хичээлд 17 хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил бүхий нийт 60 кредит цаг багтана.