АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРКЕТИНГ
“Аялал жуулчлалын маркетингийнменежер нь нийгмийн баялгийг бүтээгчид юм”
“Аялал жуулчлалын маркетинг” мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүс нутаг, олон улсын жишигт хүргэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэж чадах аялал жуулчлалын маркетинг, менежмент, соёл, орчин үеийн бизнесийн удирдлага болон гадаад хэлний өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- “Байгальд ээлтэй, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах” зорилгуудыг тэнцвэржүүлэн хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх;
- Нийгмийн болон үйлчилгээ, аялал жуулчлалын байгууллагын түвшинд хэрэгжүүлэх макро, микро маркетингийн онол, арга зүйн мэдлэгтэй байх;
- Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний хоорондын уялдаа холбоог танин мэдэх, аялал жуулчлалын зах зээлийг судлах, зорилтот зах зээлийг сонгох, маркетингийн иж бүрдлийг боловсруулан төлөвлөх онол, арга зүйн үндсэн мэдлэг, чадвар эзэмших;
- Аялал жуулчлалын байгууллагын түвшинд маркетингийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хянах онол, арга зүйн үндсэн мэдлэг эзэмших;
- Цахим хуудас хөгжүүлэх, дижитал онлайн хэрэгслүүдийг ашиглан брэндийг зах зээлд таниулах, хэрэглэгч харилцагчийг татах, үнэ цэнэтэй, харилцаа тогтоох, бүтээлч стратегийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх;
- Стратегийн хэтийн чиглэл, ойрын зорилтыг тодорхойлж, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, удирдан зохион байгуулах онол, арга зүй, практик ур чадвар эзэмших;
- Бизнесийн байгууллагын гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааг зөв зохион байгуулах, аялал жуулчлалын удирдлагын асуудлаар зөвлөгөө өгөх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ажлын байранд ажиллахын зэрэгцээ маркетингийн судалгаа, стратеги, брэнд бүтээх, маркетингийн харилцаа, дижитал маркетингийн төрөлжсөн агентууд, гарааны бизнесийг эрхлэн хөгжүүлэх боломжтой. Ажиллах боломжтой үндсэн ажлын байр:
- Маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга, ахлах менежер;
- Аялал жуулчлалын маркетингийн менежер;
- Судалгаа хөгжлийн менежер;
- Сурталчилгааны менежер;
- Брэнд менежер;
- Борлуулалт, ложистик хариуцсан менежер;
- Хэрэглэгчийн харилцааны менежер;
- Олон нийтийн харилцааны менежер;
- Импорт, экспорт хариуцсан менежер;
- Төр, улсын байгууллагад олон нийтийн харилцааны мэргэжилтэн, харилцагчийн зөвлөх;
- Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод судлаач, маркетингийн зөвлөх, олон нийтийн харилцааны менежер.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Аялал жуулчлалын маркетинг, бизнесийн орчны хурдацтай өөрчлөлтөнд зохицон цогц, нэгдмэл, бүтээлч хандлагаар ажиллах маркетингийн чадварлаг удирдах ажилтан, төрөлжин мэргэшсэн менежерүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өсч байна.
Аялал жуулчлалын маркетингийн менежер болон бусад төрөлжсөн (зар сурталчилгаа зэрэг) менежерүүдийн ажлын байр нь 2026 он хүртэл хурдацтай өсөлт бүхий эрэлттэй мэргэжлүүд нэгэнд тооцогдсоор байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“Аялал жуулчлалын маркетинг” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Аялал жуулчлалын маркетинг” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх нийт 127 кредит цагийн хичээлийг 4 жилийн хугацаанд судална.
- Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт). Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана.
- Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай маркетинг, эдийн засаг, бизнесийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Статистик мэдээлэл боловсруулалт” (сонгон хичээл), “Бизнесийн шинжилгээ” (сонгон хичээл), “Төслийн менежмент” (сонгон хичээл) хичээлүүд багтаж, нийт 10 хичээл нь заавал судлах, 1 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 33 кредит цаг судална.
- Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 47%-ийг эзэлнэ. Үүнд: нийт 18 мэргэшүүлэх хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил (буюу 60 кредит цаг) багтана. Оюутан мэргэшүүлэх хичээлээр зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын маркетингийн хүрээнд зах зээл, маркетингийн судалгаа хийх, хэрэглэгч-жуулчдын зан төлөвийг судлан шинжилж, маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, зорих газрын брэндийг хөгжүүлэх, аялал жуулчлалын технологи, тогтвортой аялал жуулчлалын зарчимд суралцах, аялал жуулчлалын маркетингд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх мэдлэг, чадвар эзэмших зорилготой бөгөөд сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “Хөдөө аж ахуйн маркетинг”, “Маркетингийн судалгаа, шинжилгээ”, “Зочлох үйлчилгээний маркетинг”, “Аялал жуулчлалын маркетинг”, “Аялал жуулчлалын маркетингийн менежмент”, “Байгууллагын маркетинг”, “Хэрэглэгчийн зан төлөв”, “Дижитал маркетинг”, “Маркетингийн харилцаа, идэвхжүүлэлт”, “Олон улсын маркетинг”, “Харилцааны маркетинг”, “Зорих газрын маркетинг”, “Аялал жуулчлалын брэндийн удирдлага”, “Тогтвортой аялал жуулчлал”, “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана.Мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Нийгмийн маркетинг”, “Олон улсын худалдаа”, “Аялал жуулчлалын систем”, “Эконометрик”, “Түүх соёлын аялал жуулчлал”, “Аялал жуулчлалын эрх зүй” багтах бөгөөд оюутан эдгээрээс 4 хичээл сонгон судална.