Бакалаврын хөтөлбөр

ЦАХИМ ХУДАЛДАА, МАРКЕТИНГ

 

ХӨТӨЛБӨР АНХ ҮҮССЭН ТҮҮХ, ОН: Маркетингийн тэнхим нь 2020 оноос эхлэн  Цахим худалдаа, маркетинг мэргэжлээр элсэлт авч байна. Ирээдүйн бизнесийн хөгжил цахим буюу дижитал технологид суурилан хөгжиж буй өнөө үед гадаад болон дотоодын худалдаа цахим хэлбэрт шилжиж байгаа нь тус мэргэжлийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдүүлж байна.

 

ТОДОРХОЙЛОЛТ: Тус хөтөлбөрөөр суралцагч нь 4-өөс доошгүй жил суралцаж бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг маркетинг, худалдаа, цахим мэдээллийн технологид суурилан хөгжүүлэх, удирдах асуудлыг бие даан бүрэн шийдвэрлэх мэдлэг, чадвартай, мэргэжлийн ёс зүйн хандлага төлөвшсөн мэргэжилтэн байна.

 

Хөтөлбөрийн зорилго: “Цахим худалдаа, маркетинг” хөтөлбөрийн зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг маркетинг, худалдаа, цахим мэдээллийн технологид суурилан хөгжүүлэх, бизнесийг удирдан хөтлөх мэдлэг, чадвартай, мэргэжлийн ёс зүйн хандлага төлөвшсөн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.

Зорилтууд:

  1. Цахим худалдааны маркетингийн сургалтын болон хичээлийн хөтөлбөрийн агуулгыг нийгэм, эдийн засаг,  хөдөө аж ахуйн салбарын хөгжил, зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сайжруулах
  2. Цахим худалдаа, мэдээллийн технологи, маркетингийн ухааны онол, арга зүйд суурилан агробизнес, маркетингийн судалгаа, ХАА-н бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, гадаад зах зээлийг тэлэх ур чадвар эзэмшүүлэх
  3. Маркетинг, худалдаа, ХАА-н салбарын онол, арга зүйн мэдлэгийг түгээх, сургах, олж авах, ашиглах цахим сургалтын орчныг бүрдүүлэх, байнга сайжруулах

ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР:

  • Цахим систем, мэдээллийн технологид үндэслэн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдаж, зохион байгуулах
  • Цахим худалдааны техник, технологи, арга хэрэгслүүдийг эзэмших
  • Вэб хуудас, интернэт хэрэглээг шинжлэх
  • Цахим хуудас хөгжүүлэх, дижитал, онлайн хэрэгслүүдийг ашиглан байгууллага брэндийг зах зээлд таниулах
  • Цахимд суурилсан маркетингийн төлөвлөгөө, стратегийг байгууллага, бүтээгдэхүүн, брэндийн түвшинд тохируулан боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх  
  • Бүтээгдэхүүн, брэнд, үйлчилгээг борлуулах, хүргэх цахим сувгууд, маркетингийн нэгдмэл харилцааг төлөвлөх, хөгжүүлэх, үр дүнг үнэлэх
  • Хэрэглэгч, харилцагчидтайгаа тогтвортой харилцаа холбоо тогтоох, харилцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР: Бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг цахим технологийн тусламжтайгаар төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах албанд ажиллахын зэрэгцээ, дижитал маркетингийн төрөлжсөн агентууд, гарааны бизнесийг эрхлэн хөгжүүлэх боломжтой.

Ажиллах боломжтой ажлын байрууд:

  • Гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан
  • Маркетингийн шинжээч
  • Вэб хөгжүүлэгч
  • Мэдээлэл, технологийн төслийн менежер
  • Цахим худалдааны менежер
  • Борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга, ахлах менежер
  • Судалгаа, сурталчилгаа, брэнд менежер
  • Хэрэглэгчийн, олон нийтийн харилцааны менежер, зөвлөх, судлаач
  • Их дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөх

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ

“Цахим худалдаа, маркетинг” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө


“Цахим худалдаа, маркетинг” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 125 кредит цаг судлах болно. 

  • Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт). 
    Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Эдийн засгийн онол”,  “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 11 хичээл (буюу 29 кредит цаг) багтана.
  • Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнесийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.
    Мэргэжлийн суурь хичээлд “Менежментийн үндэс”, “Маркетингийн үндэс”, “Санхүүгийн технологи”, “Мэргэжлийн англи хэл”, “Мал аж ахуйн технологи”, “Газар тариалангийн технологи”, “Бизнесийн статистик”, “Цахим худалдааны маркетинг”, “ХАА маркетинг” хичээл нь заавал судлах “Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент”, “Төслийн менежмент”, “Худалдаа үйлчилгээний статистик”, “Жижиг бизнесийн удирдлага”, “Маркетингийн судалгаа, шинжилгээ” хичээлүүд нь сонгон судлах хичээлд багтана. Нийт 9 хичээл нь заавал судлах, 6 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 31 кредит цаг судална.
  • Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 52%-ийг эзлэх бөгөөд тоон болон чанарын өгөгдөл дээр шинжилгээ хийх, бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах цахим систем, мэдээллийн технологийн мэдлэгтэй байх, цахим худалдаа эрхлэхэд шаардлагатай техник, технологи, арга хэрэгслүүдийг эзэмшиж, судалгаа явуулах, хэрэглэгчтэй холбогдох, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийх, цахим хуудас хөгжүүлэх, график дизайн, хэрэглээний программ, загвар боловсруулах, дижитал технологи, орчин, хууль эрх зүйн мэдлэгтэй байх ур чадвар эзэмшүүлэх зорилготой бөгөөд оюутан нь 2 удаагийн дадлага хийх болно. 
    Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “ХАА-н биржийн менежмент, худалдаа”, “Маркетингийн хэмжил зүй”, “Маркетингийн менежмент”, “ХАА-н салбарын цахим мэдээллийн систем”, “Цахим худалдааны програмчлал”, “Цахим худалдааны өгөгдлийн бааз”, “Вэб хөгжүүлэлт, дизайн”, “Агробизнесийн ложистик”, “Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент”, “Борлуулалтын удирдлага”, “Хил дамнасан цахим худалдаа”, “Цахим худалдааны эдийн засаг”, Цахим худалдааны бизнесийн стратеги ба менежмент”, “Олон улсын худалдаа”, “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана.
    Харин мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Брэндийн удирдлага”, “Дижитал маркетинг”, “Контент маркетинг”, “Олон улсын маркетинг”, “Эконометрик”, “Хэрэглэгчийн зан төлөв”, “Татварын тайлагнал”, “Чанарын менежмент”, “ХАА-н санхүүгийн менежмент”, “ХАА-н нягтлан бодох бүртгэл” багтах бөгөөд оюутан эдгээрээс 5 хичээлийг сонгон судална. Нийт 16 мэргэшүүлэх хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил (буюу 65 кредит цаг) багтана.