ЭДИЙН ЗАСАГ, СТАТИСТИКЧ
“Статистик олон талт үйл ажиллагаанд хөрвөж чаддаг.”
“Эдийн засаг, статистик” мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуйн болон нийгмийн олон талт асуудлаар мэдээллийн технологийг ашиглан статистик мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх онол, судалгааны арга зүйг бүрэн эзэмшсэн хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Макро-микро түвшний янз бүрийн үзэгдэл үйл явцын түүвэр болон тогтмол судалгааг зохион байгуулж, үзэгдэл үйл явцыг загварчлах, хэтийн төлөвийг тооцох, математик-статистикийн аргуудыг ашиглах, судалгааны үр дүнг боловсруулж, системчлэн үр дүнг нэгтгэж тайлбарлах,тайлан гаргах
- Нийгэм, эдийн засаг, техник технологи, ХАА гэх мэт бүхий л салбарт статистик, эконометрикийн шинжилгээний аргуудыг хэрэглээний программуудыг ашиглан судлах;ийгэм эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, хүн хоорондын харилцаа, зан үйлийг танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагад суралцах
- Өгөгдлийн сан, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинжлэх ухааны судалгааны үр дүнг боловсруулах, дүгнэх
- Байгууллагын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх аргуудыг эзэмших
- Удирдлагын шийдвэр гаргахдаа нийгэм-эдийн засаг, улс төр, экологийн болж буй үйл явцыг үнэлэх чадвартай байх
- Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, эрх зүйт ёсыг дээдлэх, хариуцлага хүлээх, мэргэжлийн ёс зүйг чандлан мөрдөх хандлагатай байх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Хөтөлбөрөөр төгсөгч Статистикч мэргэжлийн ажлын байрыг Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд хуульчлан заасан байдаг бөгөөд эдийн засагч мэргэжлийг давхар эзэмшдэг учраас төрийн байгууллага, хувийн хэвшил, эдийн засаг, банк санхүү, болон нийгэм, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хөрвөн ажилладгаараа давуу талтай.
Ажиллах боломжтой үндсэн ажлын байр:
- Үндэсний Статистикийн Хороо болон аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэст мэргэжилтэн
- Төрийн захиргааны төв байгууллага(яам, агентлаг, газар)-д статистик мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээний алба хэлтэст мэргэжилтэн, судлаач
- Банк, санхүү, татвар, даатгалын газарт эдийн засагч, шинжээч
- Олон улсын төсөл, судалгааны байгууллагуудад судлаач, шинжээч
- Их, дээд сургуульд багш
- Хөдөө аж ахуй, экологи, байгаль хамгаалал, эрүүл мэндийн салбар, хууль сахиулах салбарт судлаач, шинжээч.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос эрчимтэй эрэлт нь өсөх 20 ажлын байрны 5 дугаар -т жагссан бөгөөд 2019 оны дундаж цалин 91160 доллар байжээ. Аливаа бодлогын шийдвэр гаргахдаа судалгаанд суурилсан, эрсдэл, ирээдүйн хандлагыг тодорхойлохын ач холбогдол улам нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдан олон улсын төсөл, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд болон төрийн захиргааны төв байгууллагуудад статистик мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх алба, хэлтэст ажиллах мэргэжилтний эрэлт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2020”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны тайлан-2019” бусад судалгааны тайлангаас харж болно.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“Эдийн засаг, статистик” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Эдийн засаг, статистик” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 127 кредит цаг судлах болно.
- Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт).
Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана. - Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнесийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.
Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент” (сонгон хичээл), “Төслийн менежмент” (сонгон хичээл) хичээлүүд багтана. Нийт 10 хичээл нь заавал судлах, 1 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 33 кредит цаг судална. - Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 47%-ийг эзлэх бөгөөд макро-микро түвшний янз бүрийн үзэгдэл үйл явцын түүвэр болон тогтмол судалгааг зохион байгуулж, үзэгдэл үйл явцыг загварчлах, хэтийн төлөвийг тооцох, математик-статистикийн аргуудыг ашиглах, судалгааны үр дүнг боловсруулж, системчлэн үр дүнг нэгтгэж тайлбарлах, тайлан гаргах, удирдлагын шийдвэр гаргахдаа нийгэм-эдийн засаг, улс төр, хөдөө аж ахуй, экологийн болж буй үйл явцыг үнэлэх ур чадвар эзэмшүүлэх зорилготой бөгөөд оюутан нь 2 удаагийн дадлага хийх болно.
Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “Магадлалын онол, математик статистик I,II”, “Эдийн засгийн статистикI,II”, “Статистикийн онолII”, “Эдийн засгийн математик загварчлал”, “ЭконометрикI,II”, “Үндэсний тооцооны систем”, “Хөдөө аж ахуйн статистик”, “Хүн ам, нийгмийн статистик”, “Статистикийн мэдээлэл боловсруулалт”, “Худалдаа, үйлчилгээний статистик”, “Санхүүгийн статистик”, “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана.
Харин мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Байгалийн нөөцийн эдийн засаг”, “Зардал өгөөжийн шинжилгээ”, “Эдийн засгийн прогнозчлол”, “Бизнесийн мэдээллийн систем”, “Системийн шинжилгээ”, “Салбар хоорондын балансын шинжилгээ”, багтах бөгөөд оюутан эдгээрээс 4 хичээлийг сонгон судална. Нийт 18 мэргэшүүлэх хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил (буюу 60 кредит цаг) багтана.