Бакалаврын хөтөлбөр

УРГАМАЛ ХАМГААЛАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮНЭЛГЭЭ

“Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээний мэргэжилтэн нь ургамлын эмч,

 ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын сахин хамгаалагч  юм”

 

Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд таримлыг гэмтээж, ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлөгч хөнөөлт организмуудыг илрүүлэх, хяналт тавих, тархалт, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх аргуудыг төлөвлөх, зөвлөх, хэрэгжүүлэхээс гадна экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд эрсдлийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд бидний сургалтын үйл ажиллагаа чиглэгдэж байна.

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Байгалийн болон таримал ургамал, ой, ногоон байгууламжийн хөнөөлт организмуудыг илрүүлэх, таньж тодорхойлох;
  • Хөнөөлт организмуудын тархалт, олшролтын шалтгаан, хор хөнөөлийн хэмжээ, хамрах хүрээг тогтоох, хяналт тавих;
  • Хөнөөлт организмтай тэмцэх арга явуулах, зохион байгуулах;
  • Ургацыг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй аргаар хамгаалах;
  • Ургамал хамгаалах чиглэлээр туршилт, судалгаа явуулах, гарсан үр дүнг боловсруулж ургамлыг хамгаалах арга технологи боловсруулах;
  • Ургамлын хязгаарлагдмал тархалттай хөнөөлт организмыг бүс нутагт дэлгэрүүлэхгүй байх дотоод хорио цээр тогтоох, хяналт тавих;
  • Экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт тавих;
  • Экспорт, импортын ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой эрсдлийг тодорхойлж, мэргэжлийн дүгнэлт гаргах;

 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

Газар тариалангийн үйлдвэрлэл, түүний дотор ургамал хамгаалал, ургамлын хорио цээр, ургамлын эрүүл ахуйтай холбогдох бодлогын болон судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлыг  удирдан зохион байгуулах, хянах, хэрэгжүүлэх түвшний бүх шатанд ажиллах боломжтой бөгөөд ажиллах хугацаандаа мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшинд суралцах зэргээр өөрийгөө хөгжүүлж, амжилттай ажиллах бүрэн боломжтой.

 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Байгаль орчны яам, тэдгээрийн харъа газар, хэлтэс
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) -ийн 21 аймаг, нийслэл, хилийн мэргэжлийн хяналтын газар
  • МХЕГ-ийн Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори
  • Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораториуд
  • Их, дээд сургууль, салбарын эрдэм шинжилгээний байгууллага
  • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, ургамал хамгааллын үйлчилгээ явуулдаг болон ургамал хамгааллын бодисыг импортлох зөвшөөрөл бүхий компани, аж ахуй нэгж, байгууллага

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Хүрээлэн буй орчин, хүнсний аюулгүй байдлыг сахих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нь улс орон бүрийн тулгамдсан чухал асуудал бөгөөд өөрийн орны онцлогт тохирсон, шинжлэх ухааны үндэслэлтэй ургамлыг хамгаалах байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологи боловсруулах, нэвтрүүлэх, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, био аюулгүй байдлыг хангахад ургамал хамгааллын мэргэжилтний үүрэг оролцоо маш чухал юм.

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК