БАНКНЫ МЕНЕЖЕР
“Банк санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм.”
Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, төлөвлөх мэдлэг, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг банк санхүүгийн байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
ü Төрийн мөнгөний бодлого, мөн чанар, ач холбогдол түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг зохистой удирдах арга хэрэгслийн талаар онолын мэдлэг олж авах, ашиглах
ü Хөрөнгийн зах зээл, брокер, диллер, андрайтерийн үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн хөрөнгийн арилжаатай холбогдох клиринг, хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагааны талаар онолын мэдлэг олж авах
ü Банкны салбарын үйл ажиллагааны талаар онолын мэдлэгтэй болж, тус салбарын аль ч шатанд ажиллах, банкны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх арга зүйн чадвар эзэмших
ü Банкинд эх үүсвэр татах, зээлд үнэлгээ хийх, төлбөр тооцооны шуурхай найдвартай байдлыг хангахтай холбогдсон аливаа кэйсийг шуурхай шийдвэрлэх онолын мэдлэг, арга зүйн чадварыг эзэмших
ü Банкны салбарт гарах ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгаж тайлагнах, санхүүгийн тайланд шинжилгээ судалгаа хийх, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах, төсөв төлөвлөгөө зохиох чадвар эзэмших
ü Банкны эх үүсвэрийг оновчтой байршуулах, хүртэх өгөөж, учирч болох эрсдлийг нарийн тооцоолох хүүний оновчтой хэмжээг тогтоох мэдлэг ур чадварыг эзэмшсэн байх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн брокер, дилерийн компани, арилжааны болон нийгмийн даатгал, татвар, төрийн сан, бусад төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна санхүүгийн зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
ü Санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер
ü Банкны эдийн засагч, эрсдэлийн шинжээч, санхүүгийн шинжээч
ü Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, дилер
ü Хөрөнгө оруулалтын банкинд дилер, хөрөнгө зохицуулалтын менежер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхийн санхүүгийн зах зээлд банк санхүүгийн эзлэх хувь хэмжээ байнгын өндөр байсаар ирсэн. Шинэ технологи хөгжил хамгийн түрүүнд банк санхүүгийн салбарт нэвтэрч байна. Иймд банк санхүүгийн мэргэжилийн эрэлт хэрэгцээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлага ажилагдаж байна. Монгол улсын хувьд ч мөн адил санхүүгийн салбарт банкны эзлэх хувь хэмжээ 90-ээс дээш хувьтай байгаа нь харуулж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“Банкны менежер” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Банкны менежер” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 127 кредит цаг судлах болно.
- Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт).
Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана. - Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнесийн ухаан, хөдөө аж ахуйн суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.
Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Зардал,удирдлагын бүртгэл” (сонгон хичээл), “Хөдөө аж ахуйн эдийн засаг” (сонгон хичээл) хичээлүүд багтана. Нийт 10 хичээл нь заавал судлах судлах хичээл байх ба оюутан 30 кредит цаг судална. - Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 49.6 % бөгөөд банкны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, санхүүгийн хэтийн таамаглал, төсөв төлөвлөгөө боловсруулах, Хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаасыг бүртгэх, хадгалах, төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, банкны активын болон пассивын удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, санхүүгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, удирдах зэрэг чадваруудыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд оюутан нь “сургалтын” болон “үйлдвэрлэлийн” гэсэн 2 дадлага хийдэг.
Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “Банкны менежмент I”, “Банкны менежмент-II”, “Банкны эрсдлийн менежмент”, “Мөнгөний бодлого”, “Банкны хяналт, аудит”, “Зээлийн удирдлага, шинжилгээ”, “Төрийн санхүү-I,II”, “Санхүүгийн менежмент-I,II”, “Эконометрик”, “Санхүүгийн зах зээл”, “Санхүүгийн нягтлан бодох бүртгэл”, “Олон улсын санхүү”, “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана.
Харин мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Даатгалын онол арга зүй”, “Санхүүгийн эрх зүй”, “Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент ”, “Хөрөнгө оруулалтын менежмент”, “Санхүүгийн мэдээллийн систем”, “Санхүүгийн статистик”, “Зээлийн удирдлага”, “Борлуулалтын удирдлага”, “Стратегийн менежмент”, “Зардал удирдлагын бүртгэл”, “Хөдөө аж ахуйн эдийн засаг”, багтах бөгөөд оюутан эдгээрээс 5 хичээлийг сонгон судална. Нийт 19 мэргэшүүлэх хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил (буюу 63 кредит цаг) багтана.