ХААИС GIMEX КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-06 16:37:50

Монгол Улсад шинээр тариалж буй тутарга тариалалтыг өргөжүүлэх, эх орныхоо онцлогт тохирсон шинэ сорт гарган авах, таримлын онцлогт тохирсон технологи боловсруулах, инновацыг үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ХААИС-ийн захирал О.Баатарцогт, GIMEXкомпанийн захирал Ж.Ганхуяг нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр (2023-03-06) гарын үсэг зурлаа.

GIMEXкомпанийн захирал Ж.Ганхуяг хэлэхдээ, манай хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Монголчууд хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадвал хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, гадаад зах зээлийн хараат байдлаас ангижирна.

Монголынхоо хөрсөнд цагаан будаа ургуулж, гадагшаа урсдаг асар их валютыг авч үлдэхийг манай компани эрхэм зорилгоо болгон ажилладаг. Тиймээс эрдэмтэн судлаачидтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах зорилгоор ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж байгаа гэв.