ЖИЖИГ ЖИМСТ ЛООЛИЙН ШИНЭ СОРТУУДЫГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-23 03:05:24

 БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөөгийн хөгжлийн удирдах газрын харьяа “КОПИА-МОНГОЛ” Төв, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Биологийн нөөц, таримлын технологийн хөгжил” профессорын багийн багш, судлаачидтай хамтран “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох жижиг жимст лоолийн шинэ сортуудыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх“ сэдэвт судалгааны төслийг хэрэгжүүлж буй билээ. Тус төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 05-нд гэрээнд  гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Өнөөдөр тус төслийн хамт олон /2020.08.21/ үр дүнгээ танилцуулж, талбайн өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт “КОПИА-МОНГОЛ” Төвийн захирал, доктор Чой Ман Ёон, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, дэд захирал, профессор Г.Гантулга, Ж.Батчулуун, БШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор, дэд профессор С.Мөнхбат, МҮОНТВ-ийн Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Ц.Цэнд, Төслийн удирдагч Агроэкологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ж.Оюунгэрэл болон судлаач оюутан, мэргэжилтнүүд оролцлоо.

Төслийг ХААИС-ийн Агропарк сургалт, судалгааны төвийг түшиглэн хэрэгжүүлсэн бөгөөд зах зээлд эрэлт ихтэй жижиг жимст, амт чанар сайтай, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн улаан лоолийн сортыг нутагшуулж, туршин, үйлдвэрлэд  нэвтрүүлж буй юм.

БНСУ-аас ирүүлсэн жижиг жимст лоолийн 18 сортоос тавыг нь  нутагшсан сорттой харьцуулан судалж, хоёрыг нь Улсын сорт, сорилтын комисст нутагшсан сортоор бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ Монголд нутагшсан сорттой залгах болон хоёр ишээр ургуулах технологийг амжилттай туршжээ. Мөн лоолийн үрийг нь импортоор авахад үнэтэй байдаг учир үр үржүүлэх, үр дүнгээ фермерүүдэд түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж. Тухайлбал, Еvery day, Жожол Даян, Чандмань жимс зэрэг фермүүдтэй хамтран сортоо түгээн дэлгэрүүлж, турших ажлыг амжилттай хэрэгжүүлсэн тухай төслийн удирдагч, дэд профессор Ж.Оюунгэрэл ярилаа.

Дашрамд дурдахад, КОПИА Монгол төв нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монгол, Солонгос хоёр улсын газар тариалангийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор улаан буудай, тэжээлийн ургамлын дээд сортын үр үржүүлэх, солонгос хүнсний ногоог Монголд туршилтаар тарих зэрэг ХАА-н салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж буй юм.

Тус төвийн санхүүжилтээр ХААИС, харьяа хүрээлэнгийн нийт 8 төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь дээрх төсөл юм.

Ийнхүү бид бүхний черри улаан лооль хэмээн амтархан идэх дуртай жижиг жимстэй лоолийн сортуудыг Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд нутагшуулахаар сорт сорилтын туршилт явуулж байна.

Мөн энэ үеэр ХААИС-ийн Агропаркт хэрэгжиж буй эрдэм шинжилгээний болон суурь судалгааны ажлын явц, үр дүнг оюутан, судлаачид сургуулийн удирдлага, багш нарт танилцуулсан юм.