Техникийн ухааны докторын (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-05-05 04:26:43

БСШУСЯ, Механик, инженерийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөл 2020 оны 5 дугаар сарын 1-нд онлайнаар хуралдаж, докторант Д.Түвшинжаргал, Ж.Эрдэнэдалай  нарын техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилж туурвисан бүтээлийг хэлэлцэж, тэдэнд доктор (Ph.D)-ын зэрэг олгохоор шийдвэрлэсэн байна.

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн докторант Доржсүрэнгийн Түвшинжаргал нь “Таримлын үр бүрэх төхөөрөмжийн технологийн үзүүлэлтүүдийг оновчлох нь”  сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан ба түүний удирдагчаар ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Баатархүү ажиллажээ. Мөн сургуулийн докторант Жанцанпүрэвийн Эрдэнэдалай “Жижиг үрт тосны ургамал тариалах үрлүүрийн үрлэх аппаратын хийцийн параметрийг үндэслэх нь” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Уг судалгааны ажлыг дэд профессор, доктор (Ph.D) Б.Мөнхбат удирдаж ажилласан байна.

Доктор (PhD)-ын зэрэг горилж туурвисан эдгээр бүтээл нь Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн техник, технологийн асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чиглэгдсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Монгол оронд шинээр тариалагдаж буй зарим таримлуудын тариалалт, үрлэгээний машин, тоног төхөөрөмж, үрлэх аппаратын хийцийн параметрийг оновчлох, зарим шаардлагатай тоноглолыг шинээр зохион бүтээж турших зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэсэн, практик ач холбогдолтой бүтээл болсоныг хамгаалуулах зөвлөлийн гишүүд тэмдэглэж байлаа.

Энэ үеэр Механик, инженерийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан докторуудад баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэв. Энэ онд Монгол Улсад ХАА-н салбарын үе үеийн Инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэж буй ХААИС-ийн Инженер, технологийн сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ цаг мөчид ХАА-н техникийн чиглэлийн эрдэмтдийн тоо хоёроор нэмэгдэж буйд талархаж байна гэсэн юм.