Т.Хэрүүга: Зургаан их сургууль кредитээ харилцан зөвшөөрөх ижил дүрэм, журам, эрх зүйн орчинтой болно

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-21 21:50:26

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байгаа билээ. Энэ хүрээнд хийх ажлуудын талаар Монголын их, дээд сургуулиудын консорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүгагаас тодрууллаа.

-Төрийн өмчийн зургаан сургуулийн хамтран ажиллах гэрээ нь ямар агуулгатай вэ.   Ингэснээр ямар зорилт, үр дүнтэй байна хэмээн та бодож байна?

-Эдгээр сургуулиуд сургалт, судалгааны үйл ажиллагаагаа уялдуулах, хамгийн сайн туршлагуудаа хуваалцах, хамтарч хэрэгжүүлэх бүхий л боломжийг ашиглан хамтдаа хөгжих зорилгын үүднээс энэхүү санаачилгыг гаргасан. Энэхүү хамтын ажиллагаа бусад дээд боловсролын байгууллагууд өмчийн хэлбэрээс үл хамааран хамтран ажиллаж сургалт, судалгааны ажлаа чанаржуулах, богино хугацаанд хөгжих сайн жишиг болно гэж бодож байна.

-Тус хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд нийт 38 ажлыг хамтран зохион байгуулна.  

-Сургуулиудын сургалтын агуулгад хувьд ямар нэгэн өөрчлөлт орох болов уу?

-Оюутнууд зөвхөн одоо суралцаж буй сургуулийнхаа хүрээнд хичээл, багшаа сонгож байгаа бол их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хичээл багшаа сонгох өргөн боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд сургуулиуд сургалтын журам, технологи, хичээлийн агуулга, кредитээ харилцан зөвшөөрөх ижил дүрэм, журам, эрх зүйн орчинтой болно. Бидний харж байгаагаар, 2022 оны хичээлийн жилээс эхлэн их сургуулиудын элсэлтийн журам, одоогийн элсэлтийн ерөнхий шалгалтын агуулга, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орно.

-Танай сургуулийн хувьд дээрх гэрээний хүрээнд ямар ажлуудыг хариуцаж ажиллах вэ?

-Их сургуулиудын бий болгосон шинэ мэдлэг инновацийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хамтарсан гарааны компаниуд байгуулах, олон улсын болон үндэсний хэмжээний томоохон судалгааны төслийн багууд бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхи бэхжүүлэх хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Цаашдаа шинжлэх ухаан, технологи, инновацийн нэгдсэн кластер, тэргүүлэх чиглээрх үндэсний судалгааны төвүүдийг байгуулах, тэднийг олон улсын жишигт хүргэх үүрэг хүлээж байгаа.