БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 4,4 тэрбум воны санхүүжилтээр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд “Veterinary Medical Capacity Enhancement in Ulaanbaatar, Mongolia” олон улсын хамтарсан төсөл хэрэгжиж буй билээ. Энэ сарын 1-нд төслийн үйл ажиллагаа эхэлж, Мал эмнэлгийн сургуулийн дэргэд “Мал амьтны эрүүл мэндийн төв”-ийн шав тавьсан юм. Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж буй Жэжүгийн үндэсний их сургуулийн профессор Ли Кион Капыг Монгол улсын мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд оруулж хувь нэмрийг нь үнэлэн ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт профессор” цол, тэмдгээр шагнаж, 9 дүгээр сарын 14-ний өдөр гардуулан өглөө.
Энэ үеэр тус төслийн багийн гишүүд болох БНСУ-ийн Орон нутгийн хөгжлийн корпорац(ОНХК)-ийн төлөөлөгч, мониторингийн багийн ахлах Чон Живон, барилгын гүйцэтгэлийг хяналтын багийн гишүүн Юн Фишэр тэргүүтэй дөрвөн төлөөлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, дэд захирал Г.Гантулга, О.Нямсүрэн, Р.Чанцалдулам, ГХАХ-ийн дарга Ц.Сүхтулга, МЭС-ийн захирал А.Гомбожав, МААБС-ийн захирал О.Баатарцогт нартай уулзаж, Мал эмнэлгийн сургуульд хэрэгжиж буй төсөл (Мал эмнэлгийн сургуулийн дэргэдэх мал амьтны эрүүл мэндийн төв)-ийн үйл явц, хэрэгжилтэд хийсэн хяналтын үр дүнгээ танилцуулав.
БНСУ-ын ОНХК-ийн мониторингийн багийнхан барилгын ажлын гүйцэтгэлийн явц нь стандартын дагуу хийгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд төслийн хэрэгжилтийг дуусах хүртэл анхаарал хандуулан ажиллах болно гэв. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга төслийн багийнханд сургууль, хамт олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлээд, төслийн хэрэгжилтийг дуустал бодлогын түвшинд бүх талаас дэмжин хамтран ажиллах болно гэв. Мөн энэхүү төслийг Монголд анхдагч бөгөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх жишиг загвар /модель/ төсөл болгохын төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллах болно гэлээ.