ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ШИНЭЭР 7 ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭВ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-01 16:16:44

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи (ХААШУА)-ийн чуулганы хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Чуулганы хуралдаанаар, ХААШУА-ийн гишүүн шинээр сонгох асуудлыг тус академийн дүрэм болон гишүүн сонгох журмын холбогдох заалтын дагуу хэлэлцэж шийдвэрлэв. ХААШУА-ийн гишүүнээр элсэхээр мал эмнэлэг-4, мал зүй, мал аж ахуй-3, газар тариалан-1, ургамал хамгаалал-2, биотехнологи-2, ХАА-н эдийн засаг-2, техник, инженерчлэл-1 нийт 15 квот зарлагдсан бөгөөд журмын дагуу салбарын 18 судлаач материал ирүүлсэн болно. Гишүүнд нэр дэвшиж, материал бүрдүүлж ирүүлсэн судлаачдын материалд хянан магадлагаа хийх ажлын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан ба ажлын хэсгийн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Я.Ганболд гишүүдэд танилцуулсан. Нийт 18 нэр дэвшигчид нь журмын шаардлагыг бүрэн болон хэсэгчлэн хангасан болохыг ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглэсэн ба нэр дэвшигчдийг саналыг хуудсанд үлдээхээр гишүүд шийдвэрлэсэн болно. 

Академийн гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр 75%-иас дээш санал авсан ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (ScD), профессор З.Батсүх, ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, доктор (PhD), профессор Б.Баттөр, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зөвлөх, доктор (ScD),  профессор, Б.Очирбат, ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (PhD), дэд профессор М.Бямбасүрэн, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), профессор Б.Баасансүх, ХААИС-ийн Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал, профессор Ж.Батчулуун, ХААИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) Б.Баярмаа нарыг ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгож, батламжлав.

 

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА