МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-11-15 10:14:11

Монгол-Хятадын технологи дамжуулах төв ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвд нээлтээ хийлээ. Нээлтийг тус төв зохион байгуулж ХХААХҮЯ, БШУ, Шинжлэх ухаан, технологийн сан, ХААИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хятад-Монголын технологи дамжуулах төвийн удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан хорооны Хятад-Монголын технологи дамжуулах төвийн удирдлага мэргэжилтнүүд цахим оролцож тус төвийн дэд захирал Ян Юн Пин Хятад-Монголын технологи дамжуулах төвийн зорилго, үйл ажиллагааг уригдан ирсэн зочид, төлөөлөгчдөд цахимаар танилцуулсан бол Хятад Монголын технологи дамжуулах төвийн зорилго үйл ажиллагааг Монгол Улсын ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей танилцууллаа.  

Монгол-Хятадын технологи дамжуулах төв нь Монгол Улс болон БНХАУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран дэвшилтэт, шинэ технологи дамжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулахад зуучлах замаар хоёр улсын шинжлэх ухаан, инновацын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдаж байна.

Төв нь хоёр талын инновац, технологи дамжуулах хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд эрдэмтдийн хамтын ажиллагааны сүлжээ байгуулан ажиллах, судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, технологи дамжуулах, нутагшуулах, инновацын бүтээгдэхүүнийг хоёр талын зах зээлд гаргах, судлаачдыг мэргэшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж, цахим хуудас ажиллуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, холбогдох бусад үйл ажиллагааны чиглэлээр зуучлалын чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

 

 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙН ТӨВ