Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Аялал жуулчлал болон Эдийн засаг, бизнесийн сургуулийн аялал жуулчлалын маркетинг хөтөлбөрт Erasmus+ санхүүжилттэй “MONGWBL-Монголын дээд боловсролын салбарт ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлээд 2 дахь жилээ үдэж байна.
Төслийн хөндлөнгийн аудитын шинжээч Dr. Arayik Navoyan 10-р сарын 25-ны өдөр ХААИС дээр ажиллав. Тэрбээр төслийн санхүү, үйл ажиллагааны хэрэгжилт болон түгээн дэлгэрүүлэлтийн тайланг сонсон зөвлөгөө өгч, төслөөс техникийн санхүүжилтээр тохижуулсан “аялал жуулчлалын системийн шинжилгээний лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн багийн ажилд үнэлгээ өгөв.
Санхүү, үйл ажиллагааны тайлангийн танилцуулга-уулзалтад ХААИС-ийн Сургалтын албаны дарга, доктор Н.Батжаргал, Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн А.Энхзаяа, Агроэкологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатар, АЭС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор, дэд профессор Ш.Оюунтуяа, АЭС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Хишигжаргал болон төслийн багийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Уг төслийн 3-р багц ажил болох оюутнууд ажлын байранд дадлагажих үйл явц 2022 оны 10-р сарын 17-оос эхэлсэн бөгөөд дээрх мэргэжлүүдийн 3-4-р курсийн 25 оюутан аялал жуулчлалын байгууллага, зочлох үйлчилгээний салбарт ажиллаж байна.