ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ ЧУЛАБХОРН СРИСАВАНГАВАДХАВАД ХААИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ОЛГОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-28 15:22:41

Тайландын Хаант улсын эрхэм гүнж ЧУЛАБХОРН СРИСАВАНГАВАДХАВА энэ өдрүүдэд Монгол улсад айлчилж буй бөгөөд ХААИС-ийн хүндэт доктор цол олгох арга хэмжээ өнөөдөр (2023-06-26) боллоо.

Эрхэмсэг гүнж Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өөрийн хамтран ажилладаг АНУ, Нидерланд, Дани, Тайланд улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдын хамт хүрэлцэн ирж, манай орны Байгаль орчин, ХАА-н салбарынханд “Хүрээлэн буй орчны хор судлал” сэдэвт 4 өдрийн сургалт зохион байгуулсан юм.

ХААИС нь Тайландын Касесарт болон Чулангкорны их сургуультайХарилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тайландын гүнж нь ХААИС-ийн  хамтран ажиллаж буй Касесартын их сургуульд суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн- судлаач юм.

Тиймээс эрхэмсэг гүнжийн ХААИС-д зочилж буй зорилго нь цаашид хоёр орны их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ХАА, мал эмнэлгийн шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтарсан судалгааны ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан судлаач, багш, оюутан солилцоход дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.

Мөн хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа хоёр орны их сургууль хоорондын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх тус ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Дашрамд сонирхуулахад Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 6-р сарын 2-нд Бангкок хотноо зохион байгуулагдсан.

Тус хуралдааны үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон.

Мөн Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон юм.