ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР, ДОКТОР, ПРОФЕССОР Б.БААСАНСҮХИЙН ХЭЛСЭН ҮГ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-04 18:10:02

Эрхэм хүндэт

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрдэмтэн багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эх орныхоо ирээдүй болсон оюутан залуус аа,

Та бүхэнд Монгол Улсын эрдмийн их уурхай - Хөдөө аж ахуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангадаг эдийн засгийн гол тулгуур салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, шинжлэх ухаан технологийн үйлчилгээ үзүүлэх эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн их сургуулиараа бид бүхэн ямагт бахархдаг билээ. Монгол Улсын хөгжлийг хөдөө аж ахуйн салбаргүйгээр, эрдэмтэн мэргэдгүйгээр, чадварлаг мэргэшсэн мэргэжилтэнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Монгол Улсын төр засгаас сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогын талаар ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлсээр байгаагийн нэгэн тод жишээ нь өнөөдөр манай их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн ирсэн явдал юм.

Танд эрдмийн хамт олон, оюутан залуусын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Таны дэвшүүлсэн “Тэрбум мод”,  “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөдөлгөөний зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манай эрдмийн хамт олон эхнээс нь гар бие оролцож, бодитой хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллаж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолын зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий “Хүнс хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсаныг энэ дашрамд Та бүхэндээ дуулгахад  таатай байна.

Энэ хичээлийн жил бол УИХ-аар саяхан батлагдсан боловсролын тухай багц хуулийг хэрэгжүүлж эхлэх гарааны жил тул уг хуулийн үзэл баримтлалын дагуу эрдэмтэн багш, судлаач, оюутан залуусын өмнө илүү их шинэлэг зорилт тавигдаж байгаагаараа онцлогтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, судалгааны үр дүн, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг шинэчлэх талаар манай багш, судлаачдын хийх ажил их билээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ нь ахлах сургууль, лицей сургууль,  политехникийн коллежтой болж шаталсан сургалтыг хэрэгжүүлэх  сургалт-судалгаа-үйлдвэрлэл бүхий цогцолбор их сургууль болон хөгжих бололцоо бий боллоо.

Манай оюутан залуус эрдэм судлалынхаа ажилдаа нэн хариуцлагатай хандаж, эх орондоо эрэлт хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн болж төгсөхийн төлөө улам их чармайн суралцана  гэдэгт найдаж байна.

Эцэст нь их сургуулийн өмнө тулгарч буй түр зуурын шинжтэй бэрхшээл саадыг эрдэмтэн багш Та бүхэнтэйгээ хамтран туулж, улам их амжилтад хамтдаа хүрэх болно. Үүнд Та бидний хамтын хичээл зүтгэл, чармайлт нэн чухал болохыг онцлон тэмдэглэж хэлье.


Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн гэгээн нар манддаг хэмээн сайхан үг бий.

Та бүхий эрдмийн их харгуй дардан байх болтугай!