Монгол Улсын шинжлэх ухааны бүтцийн салбар академи Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн бүх гишүүдийн ээлжит чуулган ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, тус академийн ерөнхийлөгчийг сонгох асуудлыг дүрмийнхээ хүрээнд хэлэлцэж, ерөнхийлөгчөө сонголоо.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид академич А.Бакей, академич Ч.Содномцэрэн нар нэрээ дэвшүүлж, тус академийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө гишүүдэд танилцуулсан болно. Гишүүд нэр дэвшигчдээс хэрэгжүүлэх ажлын талаар асуулт асууж, хариулт авч, өөрсдийн санал, дүгнэлтийг хэлж байв.
Хуралдааны явцад академич Ч.Содномцэрэн өөрийн нэрийг татаж, академич А.Бакейг ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжихээ илэрхийлсэн болно.
Холбогдох дүрмийн дагуу нууц санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 91.3 хувийн саналаар академич А.Бакей Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.Бакей хэлсэн үгэндээ дэмжиж, итгэл хүлээлгэсэнд талархсанаа гишүүдэд илэрхийлээд, тус академийг үйл ажиллагааг шинэ шатанд гаргах талаар гишүүдийн гаргасан үнэтэй саналыг хэрэгжүүлж ажиллахаа амлав. Тэрээр цаашид академийн үйл ажиллагаанд ил тод, тэгш, шударга хандах, ялангуяа салбар салбарын төлөөллийг жигд оролцуулах зарчмыг баримталж ажиллахаа хэлэв.