ХААИС-ийн Агроэкологийн сургууль Партизаны полигонд байрлалтай “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төвийн талбайд БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр "Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх" төслийн бүтээн байгуулалтыг 2023 оны намраас эхлүүлээд байна.
Төслийн удирдагч Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом тэргүүтэй төслийн багийн гишүүд ХААИС-ийн удирдлагатай уулзаж төслийн ажлын үйл явцыг танилцуулж, цаашид боловсон хүчнийг чадавхжуулах, хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр сургуультай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.
"Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх" төслийн хүрээнд 2200м2 талбай бүхий зүймэл нийлэг хальсан бүрэн автомат ухаалаг хүлэмж, 1350м2 талбай бүхий 3 ширхэг ухаалаг нарлаг хүлэмж, 300м2 давхар нийлэг хальсан хүлэмж 2 ширхэг, 300м2 дан нийлэг хальсан хүлэмж 1 ширхэгийг тус тус барьж байгуулсан. Төслийн хүлэмжийн загваруудыг Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицуулан тооцоолол хийж боловсруулсан бөгөөд гүйцэтгэлийг БНСУ-ын хүлэмжийн аж ахуйн туршлагатай компаниуд барьж байна.