“Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” судалгааны багийнхан Ямагатагийн их сургуульд ажиллалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-11-28 18:33:50

ХААИС-д хэрэгжиж буй Инженер технологийн дээд боловсрол (MJEED) төслийн хүрээнд Агроэкологийн сургуулийн “Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” судалгааны багийн ахлагч доктор И.Мягмаржав, судлаач Т.Шинэбаяр, Б.Батбилэг нар зэргийн бус сургалтаар Японы Ямагатагийн их сургуульд 2024 оны 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд ажиллалаа.  

Дээрх хугацааны 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд буюу 10 дугаар сарын 21-нд хог ургамлын тархалтыг дрон технологи болон гүнзгий сургалтын аргаар тодорхойлох, 22-нд улаан буудайн хээрийн судалгааны ажлын үр дүн, 23-нд хог ургамлын хээрийн судалгааны дүн, 24-нд түүх, соёл, дурсгалт газрын судалгаанд дрон технологийг хэрэглэх нь, 25-нд улаан буудайн ургацыг тодорхойлоход гүнзгий сургалтын аргыг ашиглах  гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж, судалгааны багийн 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Мөн 10 дугаар сарын 27-оос 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Ямагатагийн их сургуулийн Цуруока дахь салбарт нисэгчгүй нисэх төхөөрөмжийн өгөгдөл, мэдээг боловсруулах, машин сургалтын аргаар буудайн ургацыг тодорхойлох сургалтад хамрагдлаа.

Япон Улсын Токио хотноо 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” семинарт судалгааны багийн ахлагч, доктор И.Мягмаржав болон Ямагата их сургуулийн профессор Yago Diez нар “Drone application in precision agriculture” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн.