Нийслэлийн бизнес, инновацын газартай хамтран ажиллах санал солилцов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-03-10 16:01:33

Нийслэлийн бизнес инновацын газрын дарга Б.Билгүүн, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Ганцэцэг, Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлстсийн дарга Б.Мягмардорж, Инновацын хөгжлийн хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хүрэлбаатар, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох нар Агросити тусгай бүсэд хамтран ажиллах санал солилцох уулзалт зохион байгуулав.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити”, Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг тус тус байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн билээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүүлэх юм.

Хоёр талын уулзалтаар энэхүү тусгай бүсэд хамтын ажиллагааны тус тусын үүрэг, хариуцан хийх ажлыг тодорхойлж ярилцлаа. Тухайлбар, Инноацын төвийг ХААИС-ийн Инновацын төвийн бааз суурийг түшиглэн байгуулах, дотоод, гадаадын, олон улсын хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын тусламж авах, Нийслэлийн бизнес инновацын газар хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилах, ХААИС ямар үүрэгтэй оролцох тухай, мөн тусгай бүсэд мөөг болон далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, загас үржүүлэх зэрэг асуудалд ач холбогдол өгч хэлэлцэв.