Доктор, профессор Л.Наранхүүгийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-12-09 12:06:52

ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим шинэчлэгдэн зохион байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд доктор профессор Л.Наранхүүгийн хөдөлмөрийн алдрыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөдөлмөр алдрыг тэмдэглэх үйл ажиллагааг дэлхийд гайхагдсан морин хуур аялгуугаар эхлүүллээ. Улмаар ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх нээж, багшид баяр хүргэж, багш болж байсан болон Наранхүү багштай хамт ажиллаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцав. ЭЗБС-ийн захирал, доктор Т.Эрдэнэчулуун, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Эрдэнэбаяр, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч М.Эрдэнэтуяа нар профессор Л.Наранхүүд ЭЗБС-ийн багш нарын хүндэтгэлийн өмсгөлийг өмсүүлж баяр хүргэв.

Багшийн алдрыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны үеэр профессор Л.Наранхүүгийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгож, “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт илтгэлийн уралдаанд амжилттай оролцогчдод шагнал гардуулах ёслол боллоо. Түүнчлэн ХААДС-ийн Эдийн засгийн факультетийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, зохион байгуулалтын тэнхимд хамт багшаар ажиллаж байсан ахмад багш нар Б.Түмэндэмбэрэл, Д.Лхагвасүрэн, академич А.Бакей, доктор, магистр, бакалаврын ажлыг нь удирдаж хамгаалуулсан, даасан ангийн шавь нар, ЭЗБС-ийн хамт олон, үр хүүхдүүдийнх нь зүгээс багшид баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв. Төгсгөлд нь цугласан олон профессор Наранхүү багшийн талаарх “Эрдмийн ундарга” баримтат киног үзсэн сонирхов.

Багшийн хөдөлмөр алдрыг тэмдэглэх үйл ажиллагааг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк хөтөлж явуулсан бөгөөд тэрээр Наранхүү профессорын хань, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Намсрайтай хамт ажиллаж байсан үеийнхээ сайхан дурсамжуудаа цугласан олонтой хуваалцав. Ийнхүү Доктор, профессор Л.Наранхүүгийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагаа өнгөрсөн дурсамжуудаа сэргээсэн, хүндэтгэл, талархал, ерөөлөөр дүүрэн, халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө.

Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, зочин профессорууд, байр эзэлсэн илтгэгчид болон оролцогчдод Монголын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХК-ийн 50 ширхэг гарын бэлгийг хүний нөөцийн менежер Н.Ариун-Ундрам гардуулсан байна.