Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, Хүрээлэн буй орчны сургалт, судалгаа, мэдээллийн “Гүнчинхорол” төв 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Тус санамж бичигт ХААИС-ийг төлөөлөн ректор Б.Баасансүх, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Х.Пүрэвсүрэн, “Гүнчинхорол” төвийг төлөөлөн гүйцэтгэх захирал Ү.Марал нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтран ажиллах санамж бичиг нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн бүх нийтийн боловсролыг олгох, байгаль хамгаалах чиглэлээр судалгаа, мэдээлэл, сургалт зохион байгуулах зорилготой. Талууд байгаль орчны тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн мэдлэг, мэдээллийг олгох, олон нийтийг сургах чиглэлээр хамтран ажиллах болно.
Санамж бичигт дурдсанаар,
- Байгалийн нөөцийн ухаалаг ашиглалт, ногоон хөгжлийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр сургалт, семинар зохион байгуулах
- Байгаль орчны судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг эрдэм шинжилгээний хурал, симпозиум хэлбэрээр танилцуулах
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг цахим орчинд сурталчлан мэдээлэх
- Байгаль орчныг хамгаалах олон нийтийн арга хэмжээ, санаачлагыг хамтран хэрэгжүүлнэ.
Талуудын хамтын ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулах, Монгол Улсад хэрэгжиж буй байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэмжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.