Өвөр Монголын Тариалангийн их сургууль (IMAU)-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-20 15:35:23

Монгол Улсын ХААИС болон Өвөр Монголын Тариалангийн их сургууль (Inner Mongolia Agricultural university-IMAU)-ийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2025–2026 оны хичээлийн жилд магистр болон докторын зэрэгт суралцах оюутныг дараах болзлын дагуу сонгон шалгаруулна.

I. Ерөнхий шаардлага

Иргэншил: Зөвхөн Монгол Улсын иргэн байх.

Эрүүл мэнд ба ёс зүй: Бие бялдар, сэтгэлзүйн хувьд эрүүл, хариуцлага, ёс суртахуунтай, аливаа сөрөг түүх, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх; Хятад улсад зорчих, тэнд оршин суух боломжтой байх.

Боловсрол, насны шалгуур:

  • Магистрын хөтөлбөрт: Бакалаврын зэрэгтэй, сурлагын өндөр амжилттай, 35 хүртэлх насны.
  • Докторын хөтөлбөрт: Магистрын зэрэгтэй, сурлагын өндөр амжилттай, 40 хүртэлх насны өргөдөл гаргагчийг сонгон шалгаруулна.

Хэлний шаардлага: Хятад хэлний HSK 3 буюу түүнээс дээш түвшинтэй эсвэл тухайн сургалтын хэлний шаардлагад тэнцэхүйц хэлний мэдлэгтэй байх.

Тэтгэлгийн давхардал: Засгийн газрын болон бусад байгууллагын ижил төрлийн тэтгэлэгтэй давхар авсан байж болохгүй. Хэрэв амьжиргааны тэтгэлгийг нуун дарагдуулсан нь илэрвэл ӨМӨЗО-ны тэтгэлгийг хүчингүй болгож, буцаан төлүүлэх арга хэмжээ авна.

II. Бүрдүүлэх материал

Оюутан нь “Магистр, докторын хөтөлбөрт хамрагдах оюутны хавсаргах материалын жагсаалт”-ын дагуу шаардлагатай бүх материалыг бүрдүүлж, цахимаар илгээнэ.

III. Өргөдөл гаргах хугацаа, аргачлал

  • Цахим бүртгэл эхлэх огноо: 2025 оны 06 дугаар сарын 01
  • Сүүлчийн бүртгэлийн өдөр: 2025 оны 06 дугаар сарын 30

Өргөдөл гаргах вэбсайт: https://isms.imu.edu.cn
Дээрх холбоосоор нэвтэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгийн системд бүртгүүлнэ.

Үйл явц:

  • Элсэх боломжтой мэргэжлийг сонгоно
  • Бүрдүүлсэн материалаа цахимаар оруулна
  • Материалын хяналт, шалгалтын явц, тэтгэлгийн дүнгийн мэдээллийг системээс хянах боломжтой
  • Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тухайн их сургуулийн урилгын дагуу Хятад улсад ирж, элсэлтээ баталгаажуулна.

 Гадаад харилцаа, түншлэлийн алба